Л.Болд: МАНАН дэглэм сонгуулиар гарч ирвэл стратегийн орд тойрсон бүх маргаанууд ард түмний эсрэг шийдэгдэнэ
2019.11.05

Л.Болд: МАНАН дэглэм сонгуулиар гарч ирвэл стратегийн орд тойрсон бүх маргаанууд ард түмний эсрэг шийдэгдэнэ

ШИНЭ намын Төв Зөвлөлийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв Зөвлөлийн дарга Л.Болдын хэлсэн үгнээс.


ШИНЭ нам бол бодлогын нам юм. Энэ бол бидний хамгийн том онцлог. ШИНЭ намын бүх зүйл шинэ байх ёстой, шинэ арга барилаар бид ажиллах ёстой. Тиймээс манай намын Төв Зөвлөлийн хурал нийт ард түмэндээ ил тод нээлттэй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар шууд явуулж байгаа ийм хурал болж байна.

Төв зөвлөл гэхээр манай 150 гишүүн цуглачихаад бусад намууд шиг хаалга үүдээ түгжиж, хаалттай хуралдаж, албан тушаалын наймаа, эд хөрөнгийн арилжаа хийдэг байж таарахгүй, тиймээс бид улс төрийн намуудын энэ жишгийг бүрмөсөн цэглэнэ. Тийм учраас бидний бүх хурал манай гишүүд дэмжигчдэд нээлттэй байгаа юм. Тийм учраас ШИНЭ ард түмний нам байх болно. Энэ намын бүх бодлого иргэн бүрт тусч хэрэгждэг байх болно.

Өнөөдөр гэхэд Төв Зөвлөлийн хуралд оролцож үгээ хэлэх, шийдвэр гаргахад өөрийн байр сууриа илэрхийлэх хүсэлтэй 2000 гишүүд, дэмжигчид маань эх орны өнцөг булан бүрээс бидэнд саналаа ирүүлсэн ч заалныхаа багтаамжаар гишүүдээ оруулж хурлаа нээлттэй хийж байгаа. Намынхаа бодлого, ойрын үеийн хэрэгжүүлэх ажлын талаар маш тодорхой асуудлуудыг хэлэлцэх үр бүтээлтэй, ажил хэрэгч хурал болно гэдгийг онцлоё.

Манай намын зорилтот ажлууд болох таван хувьсгалын нэг нь баялгийн хувьсгал. Баялгаа алдсан 30 жилийг төгсгөл болгоё гэж бид өнөөдрийн Төв Зөвлөлийн хурлынхаа гол сэдэв болгож байна.

Монголчууд бидний баялаг хаана байна вэ, бид ер нь баялагтай улс уу үгүй юу?

Монгол Улс дэлхийд баялгаараа тэргүүлэх 10 улсын нэг гэдэгт эргэлзэх хүн цөөн байх. Зэс, нүүрс, алт, мөнгө, газрын тос, уран, байгалийн ховор элементээрээ дэлхийд тэргүүлж байгаа. Тэгвэл энэ баялгууд хаана байна вэ, яагаад энэ баялгууд ард түмний амьжиргаанд тусахгүй байна вэ.

Зөвхөн алтны нөөцөө аваад үзэхэд Швейцарийн банкны алтны нөөцөөс их хэмжээний алт манай газрын хөрсөнд хадгалагдаж байгаа. Монголчууд бид яаж энэ баялгаараа ард иргэдээ, ирээдүй хойч үеэ жаргалтай сайхан амьдруулах вэ. Манай улсын баялгийн хайгуулын түвшин гэхэд л маш бага түвшинд байгаа. Газрын баялгийн 25 хувьд л зураглал хийсэн. Жишээ дурдахад, зөвхөн Монгол Улсын хил дагуу 10-аад жилийн өмнө 30 орчим орд газар нээсэн судалгаа байдаг бол БНХАУ-ын хил дагуу 900 гаруй орд нээсэн байна. Цаашдаа бидний энэ их баялаг ямар их ирээдүйтэй болохыг гадна дотны хуйвалдагч нар энэ баялгийн маань төлөө яагаад юу ч хийхээс буцахгүй байгааг та нар ойлгох байх.

ОУВС-гийн үнэлгээгээр зөвхөн өнөөдөр илрүүлсэн байгаа стратегийн гэж нэрлэгдэж байгаа ордуудын түвшин 3 их наяд долларын үнэлгээтэй гэж үздэг бол манай судлаачид бараг 9 их наяд долларын баялаг байна гэдэг. Цаашдаа жилээс жилд Тавантолгой, Оюутолгойгоос том том ордууд нээгдсээр байгаа ч Монголын ард түмнээс тэрхүү мэдээллийг нуусаар байгаа.  

Баялгийг бүрэн эрхшээлдээ оруулж, зөвхөн өөртөө үр ашгийг нь хүртэх, оффшорт үр ашгийг нь байрлуулах гэсэн санаархалд орчихсон олон ордууд нуугдмал байдалд байгаа.

2008 оны үед бид Баянмонгол төслийг хийж байсан. Одоо 11 жилийн дараа бүх асуудлыг үзэхэд ерөөсөө өөрчлөгдсөн юм алга. Энэ хугацаанд стратегийн гээд зарласан 15 ордоос хоёрыг нь цөлмөөд дуусчихсан. Одоо 13 стратегийн орд байгаа. Цана нь 39 орд стратегийн ордын жагсаалтад орох дарааллаа хүлээж байгаа. Цаана нь олон зуун ордууд байгаа. Цаашдаа Монголын ард түмэн энэ их баялгаа ашиглаж чадах уу үгүй юу гэдэг дээрээ тулчихаад байна.

Монголын ард түмэн одоо байгаа стратегийн ордууд дээрээ тулж хөл дээрээ босох ёстой. Иргэн бүр нь өмчлөгч, хувь эзэмшигч байж, иргэн бүр үр ашгийг нь шууд хүртдэг болж байж бид хөл дээрээ босч чадна.

Баянмонгол төслийн талаар дахин дурдахад судалгаа тооцоо бүх зүйл нь гарчихаад гурав дахь Их хурлаараа дамжиж байгаа. Нам болгон Баянмонгол хөтөлбөрөөс хэсэглэн таслаж авч сонгуульд ашигладаг.

Шударга ёсны хувьсгалын үр дүнд 13 ордоосоо арвыг нь хулгайд алдчихаад байсан бол одоо бид эргүүлж авсан. Гэхдээ яаралтай ард иргэдийнхээ хараанд өгч, хувь эзэмшигч болгож хяналтад нь оруулахгүй бол тун удахгүй сонгууль болно. МАНАН дэглэм тараадаг мөнгөө тараагаад, хуурдаг аргаараа ард түмнийг хуураад эргээд гараад ирэх юм бол шүүх дээр оччихсон байгаа стратегийн ордын энэ бүх маргаанууд ард түмний эсрэг шийдэгдэж, бидний хувьд ойрын ирээдүй маш бүрхэг болох аюул тулгарсан байгаа.

Ийм боломжийг МАНАН-д олгохгүйн төлөө ШИНЭ нэг ч алхам ухрахгүйгээр, анхаарлаа сарниулахгүйгээр тэмцэх цаг ирсэн. Багахан ололтдоо бид тайвширч болохгүй, хамгийн том сорилт бидний өмнө байгаа.