“Богд хааны 150 жил: Түүх, соёл, өв” эрдэм шинжилгээний хурал эхэллээ
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч, Монгол Улсын хаан, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой 2019 онд тохиож байгаа билээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи, Олон улсын харилцааны хүрээлэн, Туух, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран “Богд хаан 150: Түүх, соёл, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй уг хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Япон, ХБНГУ, Унгар, Польш зэрэг орны 33 эрдэмтэн, судлаач илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм. Тухайлбал, Япон улсын монголч эрдэмтэн Наками Тацүо, Тачибана Макото, Германы монголч эрдэмтэн Удо Баркманн, ОХУ-ын монголч эрдэмтэн С.Л.Кузьмин, Эрхүүгийн их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Ю.В.Кузьмин, эрдэмтэн Л.Н.Крайнова, Унгар улсын эрдэмтэн Кристина Телеки, Польш улсын эрдэмтэн Каролина Зигмановска зэрэг гадаадын эрдэмтэд оролцож байна.
Мөн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгүүд, их сургуулиуд, Гандантэгчэнлин хийд, Богд хааны ордон музей зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөлөл оролцож, ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, соёл, шашин, урлаг, уран зохиол, Богд хааны амьдрал, улс төр, шашны үйл ажиллагаа, төрийн зүтгэлтнүүд, Богд хаант Монгол Улсын Засгийн газар, түүний үйл ажиллагаа, дотоод, гадаад бодлого зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, ой зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ,
“...Архивын Ерөнхий газар, Үндэсний музей хамтран ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ойд зориулан “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэнг 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын турш Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээн ажиллууллаа. Мөн ойн хүрээнд Гандантэгчэнлин хийд, Үндэсний номын санд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Богд хааны намтар, түүхийн талаар цуврал нэвтрүүлэг бэлтгэн цацаж байна. Богд хааны ордон музейн зүүн тал орчимд Богд хааны хөшөө дурсгалын цогцолбор барих ажил явагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, Япон, Герман, Унгар, Польш, БНХАУ зэрэг орнуудын нэрт монгол судлаач, эрдэмтэн, профессорууд хүрэлцэн ирж оролцож буй нь тус хурлын ач холбогдлыг өндөрт өргөж байгааг дуулгахад таатай байна.
Мөн түүнчлэн Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон Улсын харилцааны хүрээлэн, Философийн хүрэлэн, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль, СУИС, Гандантэгчэнлин хийд, Богд хааны ордон музей зэрэг манай улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын 33 эрдэмтэд, лам нар илтгэл тавьж байгаа нь тус хурлын чансааг илэрхийнэ хэмээн үзэж байна” гэлээ.
Тус хуралд Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн гавьяат профессор Наками Тацүо, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн доктор Сергей Львович Кузьмин нар үндсэн итгэл тавьж, Унгар, Герман, Япон, ОХУ-ын бусад эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлэх юм.