Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
"Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо 2010 субъектэд хяналт тавьж байна. Хууль батлагдснаар нийт 5200 субъект нэмэгдэнэ. Ингээд 7210 субъектэд хяналт тавих нь ажил 3 дахин нэмэгдэхээр байна. 10 хүний орон тоо нэмж байгаа гэж байна. Ингээд асуудал шийдэгдэхгүй. Одоо байгаа газрууддаа хяналт тавьж чадаж байгаа юу гэвэл асуудалтай л байгаа. УИХ дээр СЗХ-ны удирдлагуудыг дуудаж ажил нь болж байгаа хийгээд, эрх зүйн зохицуулалт зэргийг асуумаар байна. шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг нь хийж өгөөд, ажлаа явуулах боломжийг нэмэх ёстой.
Бид хуулийг батлаад хэрэгжүүлэх гэж байгаа бол хүссэн хүсээгүй СЗХ-д анхаарал хандуулах, техник тоног төхөөрөмж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай юм байна лээ шүү. 10 хүний орон тоо нэмээд 7210 гаруй субъектэд хяналт тавина гэвэл амаргүй л ажил байгаа байх."