Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд зорилтот төслүүд хэрэгжиж байна
Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй НҮБ-ын Хүүхдийн сангаас Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд хэрэгжсэн төслүүдийн үр дүнгийн талаар санал солилцох уулзалт боллоо.
Уулзалтанд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, Швейцарийн холбооны улсын Монгол Улсыг хариуцсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Швейцарийн холбооны улсын Холбооны улсын Гадаад харилцааны хэлтсийн дарга Клаудио Фишер болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Төслийн үр дүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдэл буурсан байна. Тиймээс төслийн туршлагыг Сонгинохайрхан дүүрэгт нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар тус төвд хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр зорилтот дөрвөн төсөл хэрэгжиж байна.