
2019.03.05
Гэр хорооллын иргэд төрийн үйлчилгээний гадна хаягдсаар байна
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш, ажилтнуудтай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн хамт БЗД-ийн 102 дугаар сургууль дээр уулзлаа. Тус уулзалтанд БЗД-ийн Сансар, Дарь-Эхийн ерөнхий боловсролын 5 сургууль, 10 цэцэрлэгийн төлөөлөл оролцож, боловсролын салбарын бодлогын хэрэгжилт, багш ажилтан, суралцагчдын өмнө тулгамддаг асуудал, гарц шийдлийн талаар салбарын сайддаа болон тойргоос сонгогдсон гишүүндээ уламжиллаа.
УИХ-ын 49 дүгээр тойрог буюу БЗД-ийн 1, 3, 7, 2, 21, 27-р хороонд 28 мянга гаруй өрхийн 58 мянган хүн оршин суудаг бөгөөд 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг цэцэрлэгийн насны 6 мянга, сургуулийн насны 10 мянга орчим хүүхэдтэй.
Сургууль цэцэрлэгийн хүртээмж муугаас гадна Дарь-Эхийн 21, 27 дугаар хороололд ажиллаж байгаа сургуулиуд нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг нь ноцтой зөрчиж байгаа тухай Д.Оюунхорол гишүүн салбарын сайдад танилцуулж, хамтдаа шийдэх гарц хайхыг хүссэн юм.
Үүний нэг жишээ бол 102 дугаар сургууль. Энэ сургууль 2007 онд ашиглалтад орж 10 гаруйхан жил болж байгаа ч дээврээс ус гоождог, хана тааз нь битүү мөөгөнцөрт идэгдсэн, хананууд цууралт өгсөн, өвөлдөө 14 хэмээс илүүгүй дулаантай өмхий чийг үнэртсэн хүйтэн ангид сурагчид хичээллэж байна. Өмнө нь 2016, 2018 онд урсгал засвар хийж дээвэр болон гадна талаа засаж янзалсан ч нөхцөл байдал дээрдээгүй байна гэлээ.