Д.Сумъяабазар: Ирэх сард шатахууны үнэ 120 төгрөгөөр буурна
2019.06.27

Д.Сумъяабазар: Ирэх сард шатахууны үнэ 120 төгрөгөөр буурна

УУХҮЯ-наас өнөөдөр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал хийлээ. Хуралдаанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар газрын тос болон шатахууны жижиглэнгийн үнийн талаарх мэдээллийг өгөв. Тэрбээр "Дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш харьцангуй тогтворжсонтой холбоотойгоор өнгөрсөн сард манай улсын импортын үнэ буурсан тул энэ сард иргэдийн өргөн хэрэглээний Аи 92 шатахууныг 50 төгрөгөөр бууруулсан. Энэ сард бас ханш тогтвортой байсан тулд ирэх сарын эхээр жижиглэнгийн үнийг бас бууруулна. Ирэх сард шатахууны жижиглэнгийн үнэ нийт 120 төгрөгөөр буурна" гэлээ. Ингээд хэвлэлийн хурлынхаа дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-“Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргах ажил юу болж байна вэ?

-Энэ ажлын бэлтгэлийг маш сайн хангасан байгаа. IPO хийхийн тулд одоо байгаа компани дээрээ гаргах гэхээр зургаан ордын найман тусгай зөвшөөрөл байгаа. Үүний хоёр орд нь нөөцөө тогтоож, борлуулалт хийж байгаа бол үлдсэн нь баталгаат нөөцөө тогтоогоогүй байгаа. Тиймээс хамтад нь олон улсын зах зээлд гаргаж болохгүй байна. Үүний оронд баруун, зүүн Цанхийн аль нэгэн дээр нь охин компани байгуулж олон улсын зах зээлд гаргах боломж байна. Энэ ажил л хүлээгдэж байгаа. Би тавдахь өдөр “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой асуудлыг УИХ-д дахин оруулна.

-Оюутолгойн гэрээг цуцлах тухай ярьж байсан. Засгийн газрын түвшинд ярьж байгаа юу?

-Оюутолгойн гэрээний асуудал дээр бид ярилцах ёстой. Тус орд улсын төсөвт жин дарж, 17 мянган хүнийг а:жлын байраар хангаж байна. Энэ төсөлтэй холбоотойгоор хөрөнгө оруулсан олон улсын байгууллагууд бүгд ирж уулзаж байна. Туслан гүйцэтгэгч компаниуд ч гэсэн зовниж байна. Тэгэхээр гэрээг цуцлах тухай байж болохгүй. Ингэж мэдэгдсэнээрээ бид Дубайн гэрээг зөвтгөөгүй. Гэрээтэй холбоотой саналаа Л.Оюун-Эрдэнэ даргад хүргүүлнэ.