Ч.Улаан: Мал амьдаар гаргах талаар огт яриагүй
2019.06.12

Ч.Улаан: Мал амьдаар гаргах талаар огт яриагүй

Засгийн газрын 318-р тогтоолоор хилээр амьд мал гарган экспортлох гэж байна хэмээн мах үйлдвэрлэгчид өнөөдөр мэдээлэл хийж эсэргүүцлээ илэрхийлсэн.  

Тэгвэл үүний дараа УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мөн дээрх асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ, “Миний бие саяхан БНХАУ-д албан ёсоор айлчилсан. Энэ үеэр амьд мал гаргах талаар огт яриагүй. Үүнийг би удаа дараа хариуцлагатай хэлж байгаа. Энэ удаагийн айлчлалаар мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудайн гурил, улаан буудай, хөх тариа зэрэг бүтээгдэхүүнийг энэ жил экспортод гаргах боломжийг бүрдүүлэх, ингэхдээ хил, гааль, хяналтын байгууллагын үнэлгээ, шинжилгээний талаар харилцан протокол тохиролцох талаар ярилцсан” гэв.

Мөн “Засгийн газрын 318-р тогтоол өмнө нь гараад хэрэгжиж байгаа. Энэ тогтоолд малыг амьдаар гаргах талаар үржлийн бус, эр хонь, ямааны байж болох нөөцийн 20 хүртэл хувийг гаргаж болох тухай чиглэлийг аймаг, орон нутгийн удирдлагад өгсөн юм” гэв. Тиймээс мал амьдаар гаргана гэвэл үүнийг аймаг, орон нутаг өөрөө зохион байгуулна гэв.

“Энэ талаар ХХААХҮЯ-нд өгсөн нэг үүрэг бий. Тэр нь бодлого, зохицуулалтаар дэмжиж, орон нутагтайгаа хамтарч ажиллаарай гэсэн. Яамнаас квот тогтоох, эрүүл ахуйг нь хангах бөгөөд одоогоор энэ ажил албан ёсоор хэрэгжээгүй байна. Тодорхой нөхцөл, шаардлага, гэрээ хэлцэл хийсний дараа мал хөлөөр нь экспортод гаргах эсэхийг шийдвэрлэнэ. Мал гаргахад мэргэжлийн хяналт, гааль зэрэг холбогдох байгууллагууд шаардлагаа тавиад явах байх. Мал гаргахыг аймгуудын саналыг үндэслэж, яамтай гэрээ хийнэ” гэв.