Б.Ганхуяг: Тавантолгой төсөл Монгол хүн бүрийн санхүүгийн баталгаа, нэрийн хуудас нь байх бүхий л боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана
http://www.fourseasons.mn
Улсын төсвийн зургаан хувийг дангаараа бүрдүүлэгч, монголын бүх ард түмэн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг 62 дахь дугаарынхаа зочны ярилцлагын хойморт урилаа. Тэрээр Тавантолгой төсөл дээр 2007 оноос эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оноос “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, компанийг гадаад, дотоодод ямар ч өр төлбөргүй болгож, 2018 онд 807.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтайгаар ажиллуулсан “Сайн мэдээ”-гээр биднийг угтсан. Энэ нь ТУЗ-аас баталсан бүхий л төлөвлөгөөг 2,4 дахин давуулан биелүүлсэн үзүүлэлт байв. Ийнхүү төрийн менежерийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж буй түүнтэй бид завгүй өдрүүдэд нь цаг гарган уулзаж, ярилцсан юм.
–Юуны өмнө манай редакцийн урилгыг хүлээн авч, ярилцлага өгөх болсон танд баярлалаа. Таны намтраас үзвэл Монголын томоохон уул уурхайн төслийг эхлүүлж, бүх шатны ажлыг нь хийж байсан цаашлаад, компанийн гүйцэтгэх захирал нь болтлоо дэвшсэн байна. Ингэхэд уул уурхайтай хэрхэн яаж холбогдсон юм бэ?
– Ашигт малтмалын тухай хуулийн дагуу анх 2007 онд стратегийн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийг байгуулж байсан. Анх таван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхлүүлж байсны нэг нь болсноороо энэ компанидаа анхдагч нь юмуу даа. Үүнээс хойш Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой, Шивээ овоо, Багануур, Цагаан суварга, Нарийн сухайт зэрэг томоохон орд газруудад төрийн менежмент хийх, төрийн оролцоог хангаж, үр ашигтай байлгах, эдийн засгийн эргэлтэд оруулан, байгалийн баялгаас олох орлогоос төрд, иргэдэд хувь хишиг хүртээх чиглэлд ажиллахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж ирсэн. Анх мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаас ажлын гараагаа эхэлж, дараа нь дэд захирал, тэргүүн дэд захирал болон дэвшиж, 2018 оноос Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл нүүрс, төмөр зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордтой холбоотой асуудлыг хариуцаж ирсэн. Тэр цагаас хойш Тавантолгой ордын хөгжлийн стратегийг шинээр төлөвлөх ажлыг хариуцаж, ордын лицензийг шилжүүлэн авахаас эхлүүлээд ТЭЗҮ-ийг боловсруулах, олборлолтыг эхлүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн төслүүдийг боловсруулах, батлах, хөрөнгө оруулалт татах, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гадаадын зах зээлд IPO гаргах зэрэг ажлыг үр дүнд хүргэхээр баг хамт олноороо зүтгэж байна даа.
– Ажилчид бол компанийн амин сүнс шүү дээ. Таны ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ?
-Ямар ч ажлыг хүн л хийдэг. Миний баримталдаг гол зарчим бол сайн хамт олон бүрдүүлж, ажиллах урам зоригоор дүүрэн байлгахад чиглэгдсээр ирсэн. Ингэж чадвал тухайн хамт олон ажилдаа дуртай болж, бүтээмж, үр дүнгийн төлөө өөриймсгөөр зүтгэж чаддаг. Үүнээсээ ч урам авч, гэрэлтэж явдаг. Аль ч цагт нэгэн зорилгын төлөө явсан хамт олноо орхихгүй, зовлон жаргалыг хамтдаа туулах эх үндэс нь энэ байдаг болов уу.
Үүний тод илэрхийлэл бол 2018 оны ажлын амжилт, үр дүнгээр “Bloomberg Awards-2018”-ийн “Шилдэг менежмент”-тэй хамт олон гэсэн нэр хүндтэй шагналыг хүртсэн. Дэлхийн 180 гаруй улс оронд эдийн засгийн онцлох үйл явдлын гэрч, үнэн бодит мэдээллийн толь болсон энэ байгууллагын нэр хүндтэй том шагналын эзэн болсон нь манай хамт олон, уурхайчдын цаг наргүй зүтгэсэн зүтгэлийг бодитоор үнэлсэн үнэлгээ төдийгүй компанийн үнэ цэнийг өсгөсөн үйл явдал гэж ойлгож байгаа.
Мөн компани 2016, 2017, 2018 онуудад эдийн засгийн үзүүлэлтээ байнга ахиулж ирлээ. МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг ТОП-100 компанийн хоёрдугаарт хоёр дахь жилдээ бичигдлээ. Хэд хэдэн үзүүлэлтээр улсдаа тэргүүнд бичигдсэн. Энэ бүхнээс дүгнэхэд төр муу менежер биш юм гэдгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажил харуулж чадсан гэж бодож байгаа.