Ч.Улаан: Хятадын компани Монголын 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх асуудал бидэнд тавигдаагүй
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр дотоодын зах зээлд нийлүүлэлтийн улирлын хамаарал болон цаг үеийн шинжтэй үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан махны хангамж, нийлүүлэлтийг сайжруулах талаар авч байгаа арга хэмжээ, мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Нийслэлийн хүн амын махны хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн махны үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар мах нөөцөлж, хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулж байгааг хэллээ.
Арилжааны банкны шалгуурт тэнцсэн “Баатарууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4.0 мянган тн мах бэлтгэснийг нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс нийлүүлсэн байна. 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар нийт 2,820 тн мах буюу бэлтгэсэн нөөцийн 70.5 хувийг борлуулжээ.
Нийслэлийн 8 дүүрэгт хүнсний 137 дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг 7,200 төг/кг, хонины ястай махыг 6,000 төг/кг, ямааны ястай махыг 5,500 төг/кг үнээр худалдаалж байгаа нь зах зээл дэх жижиглэнгийн үнээс 16-45 хувиар хямд байгаа аж.
Нөөцийн махны худалдааг хүртээмжтэй болгох зорилгоор салбарын яамнаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Улаанбаатар хотын холбогдох байгууллагуудтай уулзаж, худалдааны сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан зохион байгуулахаар ажлаа эрчимжүүлж эхэлсэн байна.
5 дугаар сарын 10-15-ны өдрийн хугацаанд хүнсний захуудын махны үнэ огцом өсч, ард иргэдийг бухимдуулсан явдал нь цаг агаарын хүндрэлээс үүдэн хот хоорондын тээвэрлэлтийг түр хязгаарласан болон гарал үүслийн баталгаагүйгээс мэргэжлийн хяналтын байгууллагын хориг тавигдсанаас махны нийлүүлэлт саатсан, шатахууны үнийн өсөлт махны үнийн өсөлтөд нөлөөлсөн, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд захаас болон зах руу ирэх махнаас амдан авч, түүхий эдээ бэлтгэсэн зэрэг явдал нөлөөлжээ.
Үндэсний статистикийн газрын 5 дугаар сарын 22-ны өдрийн мэдээгээр өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад 62-136 төгрөгөөр буюу 0.5-1.27 хувиар буурчээ.
Яамнаас хийсэн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тандалт судалгаагаар "Хүчит шонхор" захад:
- хонины мах бөөний үнээр 7,000-7,800 төг/кг, жижиглэнгийн үнээр 8,000-9,500 төг/кг
- ямааны мах бөөний үнээр 6,500-7,000 төг/кг, жижиглэнгийн үнээр 7,700-9,500 төг/кг
- үхрийн мах бөөний үнээр 7,500-9,000 төг/кг, жижиглэнгийн үнээр 10,000-12,000 төг/кг
- адууны мах бөөний үнээр 6,800-7,200 төг/кг, жижиглэнгийн үнээр 8,500-9,000 төг/кг үнэтэй байгааг дурдлаа.
Энэ сарын 29-ний өдрийн байдлаар орон нутгаас Нийслэл хот руу нийт 67.1 тн мах, 553 толгой амьд мал нийлүүлжээ.
Бидэнд байгаа албан ёсны мэдээгээр 0.3 га-д нь сургалт, туршилтын хүлэмж, 5 га-д нь өвлийн хүлэмж байгуулах асуудал судлагдаж байгаа
БНХАУ-ын компани Монгол Улсад 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж байгаа тухай мэдээлэлд Ч.Улаан сайд тайлбар өглөө.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "БНХАУ-ын Тяньжин хоттой Нийслэл хотын хамтын ажиллагааны хүрээнд өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулж ажиллах тухай санал яригдаж, судлагдаж яваа. Бидэнд байгаа албан ёсны мэдээгээр 0.3 гад нь сургалт, туршилтын хүлэмж, 5 гад нь өвлийн хүлэмж байгуулах асуудал судлагдаж байгаа. 50 га гэдэг асуудал бидэнд албан ёсоор тавигдаагүй, ийм мэдээлэл байхгүй" гэв.
Түүнчлэн хөнгөлөлттэй зээлд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг манай аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой болсон. Өвлийн хүлэмжийн цахилгаан халаалтын зардлыг төрөөс хөнгөлөх тухай хөөцөлдөж явааг дуулгав.