Ё.Баатарбилэг: Гэрийн даалгаврын ачааллыг буруулна
2019.05.29

Ё.Баатарбилэг: Гэрийн даалгаврын ачааллыг буруулна

Бага ангийн хүүхдүүдэд гэрийг даалгавар их өгснөөс болж хичээл, сургуульдаа дургүй болж байна хэмээн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дүгнэлээ.

Үнэхээр  ч түүний хэлсэнчлэн бага ангийн хүүхдүүдэд  маш их даалгавар өгдөг. Хичээлийн бус цагаар, ямар ч амралтгүйгээр даалгавраа хийгээд ч барахгүй тохиолдол гардаг. Энэ их ачааллыг бууруулж, гэрийн даалгавар, хичээлийн программ зэрэгт тооцоо судалгаатай хандах хэрэгтэйг салбарын сайд анхаарууллаа. Тодруулбал, "Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, үндэсний хэлэлцүүлгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд хот, хөдөөгийн 120 гаруй баг, боловсролын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач оролцжээ. 

Сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, багш, сурагчдын амралтын ачааллыг бууруулахын тулд 1-12 дугаар ангид заадаг 4221 суралцахуйн зорилго буюу шинэ мэдлэг, чадвар, хандлагын тоог 3445 болгож багасгахаар тооцсон байна. 

Ингэснээр нэгж суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд ноогдох цаг нэмэгдэх аж.

Хэлэлцүүлгийн үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ "Бага ангийн хүүхдүүд даалгавраас болж маш их ядарч, хичээл сургуульдаа дургүй болж байна. Урьд өмнө нь ийм байгаагүй. Энэ ачааллыг буруулж, хэвийн хэмжээнд нь хүргэхийн тулд туйлын ухаалаг, тооцоо судалгаатай хандах учиртай" гэлээ. 

Түүнчлэн хичээлийн цагт багтаагүй агуулгыг гэрийн даалгаварт өгдөг нь сурагчдад ачааллыг нь нэмдэг байна. Энэ бүхнийг шийдэхийн тулд уг хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн дагуу сургалтын хөтөлбөрийн агуулгыг  сайжруулах юм. Ингэснээр сургууль, багш, сурагчдын ачааллыг ирэх хичээлийн жилээс бууруулна гэж салбарын яамныхан үзэж байна.