Д.Цэвээнжав: Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай
Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлын талаар Албан журмын даатгагчдын холбооны Гүйцэтгэх захирал Д.Цэвээнжавтай ярилцлаа.
-Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхлээд найман жил болж байна. Хуулийн хэрэгжилт хэр байна вэ?
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 2012 онд эхэлсэн. Тухайн онд нийт 353 мянган хүн хамрагдаж байсан бол одоо 655,454 болж нэмэгдсэн байна. Харин төлсөн даатгалын хураамж нь 2012 онд 15 тэрбум 221 сая төгрөг байлаа. Гэтэл 2018 оны байдлаар 31 тэрбум төгрөг болж хоёр дахин нэмэгдсэн. Энэ тоо баримтыг харахаар хууль амжилттай хэрэгжиж байгаа дүр харагдана. Гэхдээ цаана нь даатгалд хамрагдаагүй 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүхий хувь хүн, хуулийн этгээд байгаа. Мөн уг хуулийн үр шимийг хүртэж чадаагүй гэсэн гомдолтой хүн ч бий. Үүнээс гадна хохирогч хохирлоо бүрэн төлүүлж чадаагүй гэсэн гомдол ч гардаг учраас яг юунаас болж асуудал үүсээд байна вэ гэдгийг бид сөхөж ярих хэрэгтэй.
Жолоочийн хариуцлагын даатгал нь тээврийн хэрэгсэл эзэмшигчид замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын өмнө хүлээх хариуцлагаа даатгуулах зорилготой гэдгийг хуульд заачихсан. Мөн бусдын эрх ашгийг хохироож, зам тээврийн осол гаргасан бол учруулсан хохирлыг даатгалын байгууллагаар төлүүлэхийн тулд даатгалын үнэлгээнд тохирсон хураамж төлж гэрээ байгуулж байгаа юм. Нийт даатгуулагчдын ердөө тав хүрэхгүй хувь нь жилд ямар нэгэн осол, зөрчил гаргаж, даатгалаас хохирол нөхүүлдэг бол үлдсэн 95 хувь нь нэг ч удаа бусдад хохирол учруулаагүй, нөхөн төлбөр гаргуулаагүй даатгуулагчид байдаг. Эдгээр хүмүүс яагаад даатгалаас урамшуулал, хөнгөлөлт авахгүй байна вэ гэсэн гомдол гаргадаг юм. Энэ бол яах аргагүй анхаарал татах асуудал байгаа. Аливаа даатгалын мөн чанар нь даатгуулж байгаа зорилго тодорхой, үр дүнг хэрхэн хүртэх нь ойлгомжтой байх явдал шүү дээ. Түүнээс хязгааргүй байнга л аваад, төлөөд байдаг юм гэж хаа байх вэ.
-Уг хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?
-Тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна.
Нэгдүгээрт, Жолоочийн даатгалын тухай хууль батлагдаж, Даатгалын тухай хуульд жолоочийн даатгалын үйл ажиллагааг эрхлэх байгууллагын зохион байгуулалт, эрх үүргийг тодорхойлсон зүйл заалт нэмж оруулсан.
Манай байгууллагатай холбоотой энэ зүйл заалтыг аваад үзэхээр амьдралын хэрэгцээний дагуу зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий болжээ. Тухайн үед хууль боловсруулж, батлуулж байсан хүмүүс албан журмын даатгалыг төдийлөн сайн ойлгоогүйгээс агуулгын хувьд тээврийн хэрэгслийн сайн дурын даатгалтай хольсон, уг хуулийг хэрэгжүүлэхдээ ч зохион байгуулалтын хувьд алдаа гаргасан байна.
Тиймээс хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, жолоочийн хариуцлагын даатгалаар жилд 30 гаруй тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлж, түүний 53 хувийг зам тээврийн ослын улмаас хохирсон хүмүүсийн хохирлын нөхөн төлбөрт олгож байна. Энэ нь жилд 15-17 тэрбум төгрөг шүү дээ. Гэтэл үүнийг юуг үндэслэж олгоод байна вэ гэхээр даатгалын хохирол үнэлгээний тайлан буюу хэн нэгний бичсэн дүгнэлт, үнэлгээнд тулгуурлаж байгаа юм. Үнэлгээчид тээврийн хэрэгслийн эвдрэлийг үнэлж байна л даа. Гэхдээ тэдний баримтлах үнэлгээний аргачлал одоо болтол батлагдаагүй байх юм. Мөн зам тээврийн ослын газар дээр нь баримтжуулдаг шуурхай албаны нэгдсэн журмыг Санхүүгийн зохицуулах хороо одоо болтол баталж өгөөгүй, арав гаруй даатгагчид өөрийн үзэмжээр баталсан журам мөрдөж байна. Хуульд зам тээврийн ослын дуудлагыг хүлээн авч, даатгалын үйлчилгээ хэрхэн явагдаж хохирогчид нөхөн төлбөр хэрхэн олгогдсоныг хянах боломжмийг бий болгоогүй байх жишээтэй.
Гуравдугаарт, албан журмын даатгал улсын хэмжээнд явагдаж байна. Гэтэл орон нутагт энэ даатгалд хамрагдвал зохих дааруулагчийн гуравны нэг нь байгаа юм. Тэр хэсгийнх нь 30 орчим хувь даатгалд хамрагдаж чадаагүй. түүнийг хэн шаардаж хамруулах нь сайн дурын хэрэг болсон. Тэгэхээр орон нутагт даатгалын үйл ажиллагаа олон талаар доголдоод байна гэсэн үг. Орон нутагт арилжааны даатгалын компаниудын шуурхай алба, хохирол үнэлгээний компанийн салбар зэрэг дэд бүтцийг байгуулж ажиллуулахгүй байгаа нь даатгуулагчдыг ихээхэн чирэгдүүлж байна. Үүнээс болоод энэ даатгалын үйл ажиллагааны орон нутагт доголдож байна гэсэн үг. Ер нь жолоочийн хариуцлагын даатгалыг даатгалын компани, зуучлалын компаниуд мөнгө олох хэрэгсэл гэж ойлгоод байна.
Нөгөө сайн дурын агуулгаар ойлгоод байгаа гэсэн үг. Уг нь хариуцлагын даатгал бол жинхэнэ даатгуулагчдадаа хандсан үйлчилгээ байх ёстой. Даатгуулагч, хохирогчийн эрхийг хамгаалах ёстой. Мөн бусдад хохирол учруулж, байнга нөхөн төлбөр гаргуулдаг даатгуулагчидтай тооцох хариуцлагыг ч өндөржүүлэх шаардлагатай байна. Гэтэл энэ ажлыг хэн хариуцаж хийх нь ойлгомжгүй байна.
Дөрөвдүгээрт, Даатгалын тухай хууль болон Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт тийм ч хангалтгай биш. Хуулийн зарим заалт хэрэгжихгүй байхад хяналт тавьж байгаа байгууллага огт алга. Манай холбоонд хяналтын чиг үүрэг өгөгдөөгүй. Бид хуулиар даатгагчийнхаа үйл ажиллагаанд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Гэтэл хуулиар даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах асуудал бүрэн орхигдсоныг буруугаар ашиглах хандлага газар авч байна. Энэ мэт тулгамдсан асуудлууд нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Ер нь хуулийн зарим зүйл заалт ойлгомжгүй, зарим даатгуулах ёстой субъект орхигдсон зэрэг нь асуудал үүсгэж байна.
-Жолоочийн даатгалын үйлчилгээг цахим болгож байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Манай Албан журмын даатгагчдын холбооны үндсэн чиг үүргийн нэг нь албан журмын даатгалын үйл ажиллагааны мэдээллийн сан ажиллуулах явдал. Энэ мэдээллийн сан их ач холбогдолтой үүрэг гүйцэтгэн, ажиллаж байна.
2018 оны байдлаар 650 мянган хувь хүн, хуулийн этгээд даатгуулж, түүний түүх, мэдээллийг хадгалж даатгагч нарт үйлчилж байна.
Эдгээр мэдээллийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн анхаарал хандуулдаг. Үүнтэй холбогдуулан орчин үед нэвтрээд байгаа блокчейн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр программ хангамжийг ашиглалтад орууллаа. Үүний зэрэгцээ 650 мянган даатгуулагч даатгалын компани эсвэл гэж бөөн ажил болдог хуучин аргыг өөрчилж, онлайнаар цахим гарын үсгээ ашиглан даатгалаа хийлгэх боломж нөхцөлийг бий болгоод байна. Энэ үйлчилгээг ашигласнаар даатгалын хүртээмжийг нэмэгдүүлж, даатгуулагчдад цаг, зардал хэмнэх боломж нээж өглөө. Тоон гарын үсгийн зөвшөөрөл авсан 12 мянган хүн байна. Цахим гарын үсэг ашиглаж жолоочийн даатгалын гэрээ хийх туршилтыг Дархан-Уул аймагт эхлүүлсэн. Ер нь ирэх сараас орон даяар бүрэн нэвтрүүлж эхэлнэ.
Мөн Албан журмын даатгагчдын холбоо “АЖД” аппликейшныг ашиглалтад оруулаад байна.
Энэ аппликейшныг та өөрийн ухаалаг гар утсандаа татаж суулгаснаар даатгалын гэрээ болон даатгалын үйлчилгээний талаарх мэдээллийг бүрэн авч болно. Үүнээс гадна зам тээврийн осол гаргасан тохиолдолд дуудлага өгч, таван төрлийн зураг авч илгээхэд та замын цагдаа болон дааттагчийг хүлээх шаардлагагүй боллоо. Үүнийг хүлээж авдаг дуудлага үйлчилгээний нэгдсэн төвийг ч мөн байгууллаа. Албан журмын даатгагчдын холбоо зөвхөн даатгагч төдийгүй даатгуулагч танд ч даатгалын үйлчилгээг улам ойртуулсаар байна.
Даатгалаар жилд 30 гаруй тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлдэг
-Жолоочийн даатгалын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ямар асуудлууд байна. Түүнийг хэзээ, хэрхэн шийдвэрлэх вэ?
-Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан ажил шүү дээ. Сан-гийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын шийдвэрээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гаруй хугацаа өнгөрлөө. Юуны өмнө албан журмын даатгалын одоогийн зохион байгуулалтыг зах зээлийн зарчмаар өөрийгөө зохицуулах байгууллага эсвэл төрийн мэдэлд шилжүүлэх нь зохистой. Ер нь зөвхөн жолоочийн хариуцлагын даатгал биш тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгал байх нь олон улсын жишигт нийцнэ. Даатгуулагчдын эрх ашиг хамгаалагдах ёстой. Зам тээврийн осол гаргаагүй боловч жил бүр хураамж төлдөг, осол гаргасан нь бусдад учруулсан хохирлоо бусдаар төлүүлчихээд санаа амар байх нь тийм ч зохистой бус байгаад даатгуулагчид шүүмжлэлтэй хандаж байна. Үүнийг авч үзэх ёстой.
Үүний зэрэгцээ жолоочийн хариуцлагын даатгал эрхлэх зөвшөөрлийг хэт хавтгайруулж олгосон нь хуулийн зорилгыг алдагдуулахад хүргэсэн. Энэ хуулийг батлуулахдаа тухайн үеийн СЗХ-ны дарга “Жолоочийн хариуцлагын даатгалыг орон нутагт салбар нэгжтэй цөөн даатгагчид хариуцуулна, үр ашиг нь даатгалын компанид биш даатгуулагч нарт зориулагдана” гэж хариулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Харамсалтай нь эсрэгээрээ болсныг дахин авч үзвэл зохино. Ямар ч байсан төрөөс энэ хуулийг даатгалын компанийн үүсгэн байгуулагч хүмүүсийн халаасыг зузаалах гэж батлаагүй байх. Ийм учраас хууль хэрэгжүүлэх явцад бий болсон гажуудлыг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Хууль хэрэгжүүлэх нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа ноцтой асуудал байгааг ч авч үзэх цаг болсон.
Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг эмнэлэг, эмч нарын дүгнэлтээр бодит зардалд, эд хөрөнгийн хохирлыг засварын газар, эсвэл оношилгооны байгууллагын үйл ажиллагаатай холбож хохирол тооцдог олон улсын жишгийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Жолоочийн хариуцлагын даатгалыг хэрэгжүүлж байгаа 166 орон бий. Тэгэхээр гарцаагүй хэрэгжүүлэх ёстой, нийгмийн ач холбогдол нь илүү чухал даатгал мөн гэдгийг баталж байна. Албан журмын даатгалын үйл ажиллагааг цахим болгох ёстой. Ингэснээр ил тод байдал, шударга ёс хангагдана. Хууль хэрэгжүүлэх ажлыг санаатай саатуулж, зохион байгуулалттайгаар эсэргүүцэж, хяналт шаардлагыг сулруулахыг эрмэлзэгчдэд боломж олгохгүй байхыг даатгуулагчдын эрх ашиг шаардаж байгааг онцлох нь зүйтэй. [ЗГМ]