УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
"УИХ-ын 2 байнгын хорооноос Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэж дүгнэлт гаргасан байна. Оюутолгой 5 хувийн татвар төлдөг. Эрдэнэт 17 хувийн ашгийн татвар төлдөг. Эрдэнэт Оюутолгойгоос 3 дахин борлуулалт хийдэг хэрнээ 3 дахин их татвар төлж болохгүй гэдгийг байнгын хороод зөвшөөрөөд байна гэж ойлгож болох уу?
Эрдэнэтийг өндөр татвар төл гээд Оюутолгойг бага төл гээд байгаа нь ямар учиртай вэ? Үндэстэн дамнасан корпорациудад сөгдөн мөргөсөн байна л даа. Би татвар төсөв, мөнгө сайн мэдэхгүй. Ерөнхийд нь харахад тэгэж ойлгогдоод байна.
Шүүхээр эцэслэн шийдээгүй байхад хөрөнгийг нь битүүмжилнэ, хураана гэж юу яриад байна вэ?
50 саяас доош орлоготой бол хөнгөлөлттэй хэрнээ хол байхаар 50 хувь хөнгөлнө, ойр байвал 90 хувь төлнө гэж байгаа нь ямар учиртай вэ?
Ерөнхийлөгчийн хоригийг харахаар зөв л зүйлсийг хэлсэн байна. Гэтэл яагаад хоригийг хүлээж авахгүй гээд байгаа юм бэ? Ерөнхийлөгч болохоор тэр үү? бодлого нь буруу болоод хүлээж авахгүй байгаа юм уу?
Мөн Татварыг алагчлан авч байна. Ялангуяа банкны ашгийг жирийн иргэний ашгаас багаар тооцож татвар авч байна гэдэг үнэн. Хэрвээ ийм бол банк нь иргэдэд бага хүүтэй зээл өг л дөө. Энэ хориг их тодорхой юман дээр тавигдсан байхад яагаад хүлээж авахгүй байгаа юм бэ?"