Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
2019.05.24

Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг багтжээ.

Мөн хуралдаанаар Нотариатын тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай, Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлж байна.