Ё.Баатарбилэг: Дунд, ахлах ангийнхан сурах бичгээ түрээсэлж хэрэглэнэ
2019.05.14

Ё.Баатарбилэг: Дунд, ахлах ангийнхан сурах бичгээ түрээсэлж хэрэглэнэ

Улсын хэмжээнд 1465 цэцэрлэгт 200 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Манай улс хүүхдүүдийг цэцэрлэгт 91.8, хувилбар сургалтаар 8.2 хувьд хамруулж сургуульд ороход нь бэлтгэж буй.

Сүүлийн 20 гаруй жилд хүүхдүүдээ сургуулийн өмнөх боловсролд жигд сайн хамруулсан нь дэлхийд тэргүүлэх жишиг болсон тухай салбарын сайд Ё.Баатарбилэг онцолжээ. Хамран сургах байдал сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхдүүдийн 81.9 хувьд хүрсэн ч төдийлэн хангалтгүй байгааг аж.

Тэрээр “Сургалтын байгууламжийн чанар стандарт төрийн болон орон нутгийн өмчийн 167 цэцэрлэгийн барилгын 45 хувь нь насжилт өндөртэй. Энэ нь сургууль цэцэрлэгийн барилга шинээр барих шаардлага байсаар байгааг илтгэж байна. Энэ хичээлийн шинэ жилд 138 сургууль, 174 цэцэрлэгт барьж ашиглалтад оруулна. Сурах бичгийн хүрэлцээ, дотуур байрны хангамж тааруу байгаа. Улсын хэмжээнд 34 мянган хүүхэд 500 гаруй дотуур байранд амьдарч байна. Дотуур байрны ус хангамж, ариун цэврийн хүрэлцээ тааруу, нийт сургуулийн 53 хувь, дотуур байрны 61 хувь нь модон жорлонтой” гэлээ.

Бага ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийнхныг 40 хувийг төрөөс үлдсэнийг нь өөрсдөө хангахаар зохицуулсан байдаг. Дунд, ахлах ангийн сурах бичгийг бүрэн хангаж, ингэхдээ сургуулийнхаа номын сангаас түрээсийн журмаар авдаг байхаар салбарын яам төлөвлөж байна. Энэ ажилд 8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингэснээр тухайн өрхийн эдийн засагт ачаалал үүсэхгүй гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн бага насны хүүхдүүдийг шим тэжээлтэй хоол хүнсээр хангах талаар олон жил ярьж байна. 2012 оноос хойш үдийн цай, дотуур байрны хүүхдүүдийн хоолны мөнгө нэмэгдээгүй аж. Иймд хоолны зардлыг нэмэхээр Засгийн газраас санал боловсруулж, УИХ-д хүргүүлсэн байна.