2019.05.09

Цогтцэций сум хүртэлх 59,6 км хатуу хучилттай замын ажлыг эрчимжүүлэхийг анхаарууллаа

УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэрээр Цогтцэций сум хүртэлх 59,6 км хатуу хучилттай замыг гэрээнд заасан хугацаандаа чанартай гүйцэтгэж, хүлээлгэн өгөхийг анхаарууллаа. 

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир болон гишүүн Л.Энхболд нар Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай замаас Цогтцэций хүртэлх 59,6 км авто зам барих ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр замын ажлыг гүйцэтгэгч ЭСТО, Шилдэг зам ХХК-ийн удирдлага, инженерүүдтэй уулзаж 2016 оноос хойш ажил нь явагдахгүй гацаж, иргэдийн хүлээлтийг үүсгээд буй тус замыг чанартайгаар гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэн өгөхийг анхаарууллаа.

Гүйцэтгэгч компаниудын удирдлагуудын зүгээс зам барих ажилд тулгарсан хүндрэл байхгүй гэдгийг хэлж байсан юм.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагуудын хамт Цогтцэций сумын нутагт маргаан үүсгээд буй Тавантолгойн орд газраас, Говьсүмбэр хүртэл нүүрс тээвэрлэлт хийх зорилгоор сайжруулсан шороон зам барьж буй асуудалтай холбогдуулан замын ажилтай газар дээр нь очиж танилцлаа.

Тус сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралд оролцон, тус суманд тулгамдаад буй дээрх замын асуудлаар ард иргэдийн санал хүсэлтийг сонсож, иргэдтэйгээ санал нэг байгаагаа илэрхийлэн, байгаль орчин, хүн ардын эрх ашгийг зөрчсөн энэ байдлыг дэмжихгүй, хуулийн дагуу л үйл ажиллагаагаа явуулах ёстой гэдгийг хэлэхийн зэрэгцээ хууль бус үйлдлээ зогсоохыг тус компанийнханд анхаарууллаа.