Дээд боловсролын олон улсын магадлан итгэмжлэлийн шинжээчид Монголд ажиллаж байна
2019.05.03

Дээд боловсролын олон улсын магадлан итгэмжлэлийн шинжээчид Монголд ажиллаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр (2019.05.02) Отгонтэнгэр их сургуулийн “Боловсрол судлал” докторын хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэлийн арга хэмжээнд оролцлоо.

Европын холбооны “Erasmus+” хөтөлбөрийн C3QA төслийн  олон улсын шинжээчид Отгонтэнгэр их сургуулийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, материаллаг баазыг шалгаж, багшлах нөөц, оюутан, төгсөгчидтэй уулзаж, өөрийн үнэлгээний тайлан дээр гурав хоног ажиллаад дүнгээ гаргах юм. Армен дахь Францын их сургууль, Испани дахь Алкалагийн их сургууль, Украйн дахь Киевийн их сургуулийн доктор, профессоруудаас бүрдсэн долоон шинжээч, Монголын талаас академич, МУБИС-ийн профессор Б.Жадамбаа, ХУИС-ийн багш, доктор, профессор Н.Оюунцэцэг нар шинжээчдийн багт ажиллаж байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Монголын их, дээд сургуулиас анх удаа докторын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэх гэж байгаа нь түүхэн үйл явдал. Танай хамт олны хичээл, зүтгэл бидэнд сайхан мэдээ дуулгана гэдэгт итгэлтэй байна. Европын чанар стандартыг салбарынхаа хөрсөнд буулгах нь Монголын залууст өгөөжтэй хэрэг болно. Манай олон сургууль олон улсад магадлан итгэмжлэгдэж, хөгжлийнхөө дараагийн шатанд гарах болтугай” гэв.

Монгол Улсын боловсролын салбарт анх удаа докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг боловсруулан баталж, тус шалгуураар МУИС, Отгонтэнгэр их сургуулийн докторын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэхээр олон улсын шинжээчид ажиллаж байгаа нь түүхэн ач холбогдолтой. Хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэнээр Монголын их сургуулиуд судалгааны их сургууль болох, олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрөөр шилдэг судлаачдыг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.