Ардчилсан нам 29 жилийн ойгоо тэмдэглэж байна
Ардчилсан хувьсгалын 30, Ардчилсан намыг үүсгэн байгуулсны 29 жилийн баяр өнөөдөр тохиож байна.
Ойд зориулсан баярын хуралд Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд дэмжигчид, намын дэргэдэх байгууллагууд оролцож, ардчиллын алдаа оноо, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна. Сөрөг хүчнээр ажиллаж байгаа энэ цаг хугацаандаа Ардчилсан нам бодлогын нам болох зорилт тавьж, 27 жилийн ойн босгон дээр шинэчлэлийн ажлаа эхлүүлсэн гэдгийг баярын хурлын үеэр онцоллоо.
1990 оны өвөл ард түмэн ардчиллын төлөө жагсаж эрх чөлөөгөө олж авсан нь Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийд баталгаажуулсан явдал байлаа. Монгол оронд ялалт байгуулсан ардчилсан хувьсгал нь дэлхийн аль ч улс оронд болж байгаагүй тайван замаар явагдсанаараа онцлогтой юм.
Баярын хурлын үеэр Ардчилсан намын гишүүн, Ардчилсан ахмадын холбооны гишүүн Ц.Раднаа, ҮБХ-ны гишүүн П.Батчимэг, Төв аймгийн ИТХ-ын дарга Х.Уламсайхан нарыг Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор шагналаа. Ц.Раднаа нь Польш улсын Торун хотноо хэдхэн хоногийн өмнө болсон Дэлхийн аварга шалгаруулах мастеруудын хөнгөн атлетикийн тэмцээнд хурдаа сорьж дэлхийн дээд амжилт тогтоож, 3 алтан медаль хүртсэн билээ.