Олимпийн хороонд бүртгэлтэй болсон УИХ-ын гишүүд
2019.04.02

Олимпийн хороонд бүртгэлтэй болсон УИХ-ын гишүүд

Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн хурал өнгөрөгч долоо хоногт болж, шинэ холбоод, гишүүдээ баталжээ. 100 гаруй гишүүд оролцсон хурлаар зарим гишүүн,спортын холбоодын хүсэлтийг үндэслэн гишүүнчлэлийг дуусгавар болгож, шинэ гишүүдийг бүртгэсэн байна.

Монголын үндэсний олимпийн холбооны шинэ гишүүнээр УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар сонгогджээ. Мөн Монголын гольфийн холбоог төлөөлөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг гишүүнээр баталсан бөгөөд тэрбээр хуралдаа суужээ.

А.Ундраа гишүүн Монголын даамын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бол Д.Цогтбаатар сайд Монголын эмнэг сургагч, булгиулалтын холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг аж. Тиймээс эдгээр гишүүд Монголын үндэсний олимпийн хорооны гишүүнээр гуравдугаар 29-ний өдөр сонгогдож хорооны дүрэмд заасан гишүүний үүргээ хэрэгжүүлж ажиллах даалгавар авсан байна. Тухайн хуралд эрхэм гишүүд ажлын шаардлагаар сууж чадаагүй байна.

Мөн уг хурлаар УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааны гишүүнчлэлийг дуусгавар болгосон байна.

Монголын Үндэсний олимпийн хороонд 169 гишүүн бүртгэлтэй байдагаас 15 гишүүдийн гишүүнчлэл дуусгавар болж, 15 гишүүн шинээр сонгогджээ.