Элэгний хорт хавдрыг илрүүлэх 34 ширхэг эхо аппараттай болов
2019.03.28

Элэгний хорт хавдрыг илрүүлэх 34 ширхэг эхо аппараттай болов

ЭМЯ-наас нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төв, Улсын нэг, хоёрдугаар эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ-д зэрэгт хорт хавдрыг эрт илрүүлэх өндөр хүчин чадалтай 34 ширхэг ЭХО аппаратыг хуваарилан, хүлээлгэж өгөв.

Энэхүү “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын хэт авиан эхо аппарат нь цуллаг эрхтэний хатуурал болон хавдрыг эрт үед нь илрүүлэх өндөр хүчин чадал бүхий хамгийн сүүлийн үеийн 4D дэвшилтэт технологи юм. Тус дижитал ЭХО аппарат нь эх барих, эмэгтэйчүүд, хэвлий, зүрх судас, ургийн оношилгоог хийх  давуу талтай.

Мөн элэг болон бусад цуллаг эрхтэнд үүссэн голомтот өөрчлөлт, хавдрын хэмжээг нарийвчлан тооцоолно. Ялангуяа цуллаг эрхтэний, тэр дундаа элэгний хатуурлын зэргийг тодорхойлох Эластография программтай юм. Энэ нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр цогц байдлаар хэрэгжиж, элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэхэд чухал алхам боллоо. Ийм хүчин чадалтай аппарат өмнө нь нийслэлийн дүүргийн эмнэлгүүдэд ашиглагдаж байгаагүй болно.

Нийт гурван төрлийн датчиктай бөгөөд хэвлийн буюу гүдгэр датчик /EUP-C715/ нь хэвлийн хөндийн дотор эрхтнүүдийг харах боломжтой бол, шугаман буюу шулуун датчик /EUP-L74M/ нь зүрх судас, хөх, бамбай зэрэг эрхтэнд оношилгоо хийнэ. Харин гурав дахь датчик буюу 3D/4D буюу /EUP-CV724/ нь эх барих, эмэгтэйчүүд болон ургийн гаж хөгжлийг оношлох боломжтой.