Ерөнхий сайд У.Хүрэлсүх энхийг сахиулагч дайчдаа эргэлээ
2019.03.14

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энхийг сахиулагч дайчдаа эргэлээ

Дэлхийн хамгийн халуун цэг буюу омог хоорондын мөргөлдөөнтэй байгаа Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх эргэлээ.

 

Монголын дайчид даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй хамтран энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Монгол Улсын Засгийн газар 2012 оноос хойш цэргүүдээ НҮБ-ын мандат дор Өмнөд Суданд үүрэг гүйцэтгүүлж ирсэн бөгөөд дэлхийн хамгийн том дүрвэгчдийн хуаранг монгол цэргүүд хамгаалж байна. 

БНӨСУ нь 2011 онд тусгаар тогтносон. Омог хоорондын мөргөлдөөнтэй. Тус улс дахь хуаранд дотоодын 114 мянган дүрвэгч байдаг. Үүний 80 гаруй мянган иргэнийг Монголын батальон хамгаалж байгаа юм байна.

Үүрэг гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудад эх орныхоо өмнө, дэлхийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, цэргийн албан хаагчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхжуулах талаар санал бодлоо солилцож, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчидтайгаа ярилцсан байна. Мөн энэ үеэр тэдэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэн, төрийн одон медалиар шагнаж урамшуулжээ.

Өмнөд Судан улсад Монголын 850 хүнтэй батальон үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нийслэл хот болох Жубад 30 хүнтэй монголын цэргийн офицерийн баг НҮБ-тэй холбох ажлыг хийж байгаа аж.

 

Беньтю тосгонд 114 мянган дүрвэгчдийг Монголын нэг батальон 850 хүнтэйгээр хамгаалж байгаа юм. Тэд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 8-р ээлжээр эх орноосоо мордоод зургаан сар болж буй. Тэдний үүрэг гүйцэтгэх хугацаа нэг жил үргэлжилнэ.  Батальоны найман хувь нь эмэгтэй албан хаагчид. НҮБ-ын цэргүүдийн гурван хувь нь эмэгтэйчүүд байдаг байна. Цаашид цэргийн эмэгтэй албан хаагч, үүрэг гүйцэтгэгчдийн тоог 15 хувьд хүргэх чиглэлийг НҮБ-аас барьж байгаа ажээ.

Монгол Улс анх 2002 онд хоёр офицероо НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд ажиглагчаар явуулж, 2003 оноос цэргийн баг илгээж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл давхардсхан тоогоор 17,000 алба хаагч уг ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.Харин БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн оролцож, нийтдээ найман ээлжинд 6,000 гаруй алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна.

Орчин үеийн гадаад бодлого нь цэрэг улс төр бүс нутгийн энхтайван байдлын оролцоонд илүүтэй тулгуурлаж байгаа. Манай улс Афганд НАТО-ын ажиллагаанд оролцож буй нь АНУ, НАТО-ын орнуудтай харилцах гадаад харилцааны ажиллагаанд дэвшил авчирч буй. Монгол Улсын энэ зүтгэлийг ч НҮБ, АНУ үнэлсээр ирсэн байдаг.