Аврагчид шаардлагатай багаж хэрэгслээр хангахыг Шадар сайд Ө.Энхтүвшингөөс хүслээ
2019.03.13

Аврагчид шаардлагатай багаж хэрэгслээр хангахыг Шадар сайд Ө.Энхтүвшингөөс хүслээ

Шадар сайд Ө.Энхтүвшин “Эко Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд гарсан осол дээр ажилласан Онцгой байдлын албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтын үеэр “Онцгойгийн алба хаагчид үнэхээр хүнд нөхцөлд ажилласан. Хана нурах өндөр эрсдэл байсан ч үүнээс айлгүй үүргээ гүйцэтгэж байсан нь миний бахархалыг төрүүлсэн. Зөвхөн энэ удаад ч биш, Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа болон ган, зуд, галын аюул гээд бүхий л үед албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэдэг алба хаагчдаараа бахархаж байна.

Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байж үлгэр жишээгээр тэмцэж буй та бүхнийг шагнах саналыг Ерөнхийлөгчид уламжилсан. Ерөнхийлөгч санал нэг буйгаа илэрхийлсэн юм. Иймд шагналд тодорхойлох алба хаагчдын тодорхойлолтыг даруйхан гаргаж өгөхийг хүсч байна” гэлээ.

Харин “Онцгой байдлын үндэсний аврах бригад”-ын аврагч Ж.Баяртогтох “Гамшиг осол хэлж ирэхгүй учраас төр засгаас онцгой байдлын аврагчдын багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарч ажиллавал их баярлана. Жишээлбэл, Архангай аймгийн Өгий нууранд гүний шумбалтын сургуулилт хийж байгаа 20 албан хаагч дундаа дөрөвхөн шумбалтын хувцастай. Үүнээс гадна олон бэрхшээл бий” гэсэн юм. Шадар сайдын зүгээс Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулж шийдүүлнэ гэдгээ илэрхийллээ.