Хүүхдэд ээлтэй Ш.Анхмаагийн тойргоос
2019.02.01

Хүүхдэд ээлтэй Ш.Анхмаагийн тойргоос

Гунан үхрийг доромжилж ханалгүй дөнөн үхрийг доромжлох гээд байна уу даа л гэмээр дулаан байсан болов ч хоёр хоногийн өмнөөс эрс хүйтрээд байгаа нь нийслэлийн иргэдэд эрс мэдэгдээд байгаа байлгүй. Үүнийг дагаад оройн цагаар Улаанбаатрын утаа ч утгаа алдах үед НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаагийн тойрогт хамаарагдах Баянгол дүүргийг зорилоо. Баянгол дүүргийн  16, 17, 18, 19-р хороод нь НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаагийн тойрог бөгөөд Гандангийн дэнжээс баруун тийшээ Өргөө кино театрын урд талын уулзвараас урагш хэсэг юм. Нийслэл хотыг удирдах дархан эрхийг МАН-ын 34 АН-ын 11 хүн өвөртөлсөнөөс арав нь эмэгтэй төлөөлөгч бөгөөд тэдний нэг нь Ш.Анхмаа юм.

Түүний талаар дурьдвал. Бат-Үүл баатар хотын дарга байх үедээ зургаан орологчтой ажиллаж байсан. Үүнийг нь, төсвийн мөнгийг хэтэрхий үрэлгэн ашиглаж , хэт буруу бүтэцтэй ажиллаж байна гэж сөрөг нам болох, одоогийн эрх баригч МАН шүүмжилж байсан юм. Бат-Үүл даргын халааг авсан С.Батболд өмнөх зургаан орлогчыг халсаны дараа хоёр орлогчтой ажиллана гэх мэдээлэл гаргаад байсан ч ердөө хоёроор цөөлж дөрвөн орлогчтой ажилласаар ирсэн бөгөөд тэдний нэг нь НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа бөгөөд тэрээр нийслэлийн гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар томилогдон ажиллаж байгаа юм.

Иргэн төр хоёрыг холбох гүүр болж өгөх ёстой байдаг төлөөлөгчийн ажлыг сайн хийж байгаа гэж тойргийн иргэд нь түүнийг магтацгааж байна. Тэрээр бямба гараг бүрт тойргийн иргэдтэйгээ уулзалт зохион байгуулдаг талаар ч ярьцгаав. Ш.Анхмаа нь төлөөлөгч хүний хувьд явуулын шүдний эмнэлгийн тусламжтайгаар тойргийнхоо 1000 хүүхдийг амны хөндийн үзлэгт хамруулж шүдийг нь фторжуулжээ.

Их хуралд ч бай иргэдийн хуралд ч бай улс төрчдөд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулдаг хүмүүс бол мэдээж ард иргэд байдаг. Иргэдтэйгээ тогтмол уулзаж үргэлж эргэх холбоотой ажиллаж, нийслэлд хийгдэж ажлууд,боловсрол эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, барилгын ажил, гандангийн дэнжийн дахин төлөвлөлт зэрэг асуудлаар мэдээлэл өгч, тулгамдсан асуудалд иргэдийн санал хүсэлтийг сонсон ажилладаг юмсанж. Энэ онд БГД-ийн 6-р тойргийн өрх толгойлсон эмэгтэйчүүд болон, залуучуудыг ажлын байртай болгох үе шаттай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Төлөөлөгч Ш.Анхмаа нь нийслэлийн төсвөөр БГД-ийн 17-р хороонд авто машин болон явган хүний зам тавиулжээ. Мөн 19-р хороонд тулгамдаж байгаа явган хүний замыг засуулахаар нөхцөл байдалтай нь танилцаж тойрогтоо ажиллажээ.

 

Иргэн Л.Товуу

Хийх юм хийж л яваа хүүхэд шүү. Дээр заларчихсан байгаа нөхдүүдээс илүү байгаа гэж бодож байна.

М.Даваажав

Их юм хийж байгаа гэж дуулддаг юм. Дуулддаг ч юу байхав. Ер нь их ойрхон иргэдтэйгээ уулздаг хүн байгаа юм. манай хороонд зун зам засуулж янзлуулсан, хүүхдүүдийн шүдийг үзүүлэ харуулж их анхаарал тавьдаг сайн ажиллаж байгаа л гэж хэлмээр байна. Дан ганц хороонд ажиллах завгүй байдаг байх л гэж бодож байна. Засаг даргын орлогч хүн шүү дээ өөр бусад дүүрэг хороодод ажилладаг л байх. Ямартай ч манайд ирдэггүй биш ирдэг төлөөлөгч.

ТҮҮНИЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАСАН ЭЭЛЖИТ АЖИЛ БОЛ ХҮҮХДИЙН БАЯР БАЙВ

Тэрээр хүүхдийн баяраар эх үрсийн баяраар тойргийнхоо хүүхдүүдэд баярын бэлгийг нь гардуулан өгчээ. Төлөөлөгчийн хувьд мөн эмэгтэй хүний хувьд тойргийнхоо ирээдүй болсон хүүхэд багачуудад ихээхэн анхаарч ажилладаг гэж нэрээ нууцалсан хорооны иргэн ярив.

Баянгол дүүргийн 19-р хорооны Засаг дарга Т.Пүрэвсүрэн

Ирэх онд төсөв баталж юм хийнэ л гэсэн байгаа. Сая төсвийн хэлэлцүүлэг хийсэн би хоёр хоног сургалтанд явчихсан байсан болохоор оролцож амжаагүй байсан юм. Тэгээд эргээд холбогдох гэтэл төлөөлөгч завгүй байгаа гэсэн тайлбарыг л одоогоор аваад байгаа даа. Манай хороонд 25 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар хүүхдийн тоглоомын талбай хийснээс өөр ч юм хийгээгүй л байна. Энэ онд төсөв баталж юм хийнэ л гэсэн. Төлөөлөгч хүн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийж тойргийнхоо иргэдэд тайлангаа тавих ёстой ч одоогоор тайлан тавьсан юм алга л байна даа гэлээ.

Баянгол дүүргийн 16, 17, 18, 19-р хороод нь та бидний мэдэхээр 3,4-р хороололд байрлалтай хороод юм. Тийм учир унаа тэрэгний асуудал харьцангуй бага байдаг ч явган хүний  явах хэсэг их хэцүү байдаг гэж хорооны иргэд ярьцгаалаа. Ялангуяа хорооны байрны хойд байгаа туслах замаар явган хүн явах хэцүү байдаг хойд талаар нь явъя гэхээр байн байн шатаар өгсөж уруудах асуудалтай урд талаар нь явах гэхээр зам дээр машинуудаа шахаад тавьчихсан түүгээр нь гарах гэхээр өөдөөс ирж байгаа машинтай мөргөлдөх нь холгүй юм болж байж л явдаг түүнээс бусад асуудал харьцангуй бага бас оройн цагаар утааны асуудал их байдаг хойхон талд гэр хороолол байдаг болохоор хойноос утаа их ирдэг гэж гомдоллох иргэд байсаар байна. Энэ мэт асуудлыг нийслэлийн иргэдийн хуралд төлөөлж байгаа хүний хувьд шийдэх арга хэмжээ авч өгөхийг хүсэх хүмүүс цөөнгүй байгаа юм.