Ө.Энхтүвшин: Монголын төр болоод ард түмэн Онцгой байдлын байгууллагад итгэж, хүндэтгэн дэмжиж байгаагийн илрэл юм
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Онцгой байдлын байгууллагын аврагчдаас төрөн гарсан анхны гавьяат ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтохыг хүлээн авч уулзлаа.
Ж. Баяртогтох нь Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан юм.
Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол Улсын хэмжээнд тохиолдсон бүхий л гамшиг, ослын дуудлагад үүрэг гүйцэтгэдэг Онцгой байдлын байгууллагын аврагчдын дундаас анхны гавьяат төрсөнд туйлын баяртай байна. Энэ бол Монголын төр болоод ард түмэн Онцгой байдлын байгууллагад итгэж, хүндэтгэн дэмжиж байгаагийн илрэл юм. Цаашдаа ч энэ их итгэлийг алдалгүй сайн ажиллаарай” гэлээ.
Тэргүүн ахлагч Ж.Баяртогтох нь Онцгой байдлын байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байна. Тэрээр улсын хэмжээнд тохиолддог ой, хээрийн түймэр, усны осол зэрэг бүх төрлийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг шилдэг алба хаагчдын нэг юм. Тухайлбал, 2011 оны хоёрдугаар сард Хөвсгөл далайд живсэн 10тн шатахуун ачсан автомашиныг 50 метрийн гүнд шумбан гаргасан, 2017 онд болсон Отгонтэнгэр ууланд осолдсон 17 уулчныг эрэн хайх ажиллагаанд амжилттай оролцсон.
Түүнчлэн 2011 онд Японд болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох болон Африкийн Өмнөд Судан улсад Энхийг дэмжих ажиллагаанд, 2015 онд ОХУ-д гарсан ойн түймэрт үүрэг гүйцэтгэж, Монгол Улсынхаа төдийгүй Онцгой байдлын байгууллагынхаа нэрийг өндөрт өргөн ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.