Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан хоёр өдрийн сургалт эхэллээ
Европыг холбооны дэмжлэгтэйгээр МҮЭХ, ОУХБ-аас хамтарч Албан бус хөдөлмөр эрхлэгч ҮЭ-ийн гишүүд, сонгуультнуудад зориулсан “Хөдөлмөрлөх эрх, суурь зарчмууд” сургалт өнөөдөр /01.14/ МҮЭ-ийн холбооны хурлын танхимд эхэллээ.
Албан бус хөдөлмөр эрхлэлт, албан бус эдийн засагт ажиллагчдын талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны тухай мэдээлэх, Албан бус эдийн засгийн асуудлаарх олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг танилцуулах, Албан бус хөдөлмөр эрхлэгчид, албан бус эдийн засагт ажиллагчдыг зохион байгуулж, үйлдвэрчний эвлэлд нэгтгэсэн олон улсын болон дотоодын туршлагаас хуваалцах, Албан бус хөдөлмөр эрхлэгчид, албан бус эдийн засагт ажиллагчдын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулах, эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхэд нь тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэх, Албан бус салбарт хөдөлмөрлөх эрх, суурь зарчмын хэрэгжилтийг хангуулахад МҮЭ-ийн холбооноос ойрын хугацаанд явуулах үйл ажиллагааны чиглэлийн төсөлд санал авах зорилгоор хоёр өдөр ажиллана.
Сургалтын нээлтийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ОУХБ-ын төслийн үндэсний менежер А.Лхагвадэмбэрэл нар нээж үг хэлэхдээ, албан бус секторт ажиллагчдын ажлын чиглэл олон хэлбэрт орж, асуудал ярвигтай байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ Зохист хөдөлмөрийн нэгэн элемент болж байгаагийн хувьд албан бус салбарт үргэлж анхаарах ёстой. Шууд үр дүнд хүрчихгүй ч алхам алхмаар ойртож ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.
Сэлэнгэ аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ж.Саранцэцэг, Албан бус эдийн засаг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 204 дүгээр зөвлөмж, үйлдвэрчний эвлэлийн оролцоо сэдвээр илтгэл тавилаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн талаар төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны танилцуулга хийж, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нь МҮЭ-ийн холбооны өнөөгийн үйл ажиллагаа, албан бус эдийн засагт ажиллагчдын талаарх зорилт, явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх юм.
Албан бус эдийн засагт ажиллагчдын нийгмийн даатгалд хамрагдалт, ач холбогдол, тэднээс төлөх албан татварын хууль эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудлаар НДЕГ, Татварын ерөнхий газраас мэдээлэл хийх аж.
Маргааш буюу хоёр дахь өдрийн сургалтаар Албан бус эдийн засагт ажиллагчдыг зохион байгуулсан арга туршлагаасаа Хар хорин захын ҮЭ-ийн хороо, Кранчдын ҮЭ-ийн хороо, Наран туулын микро автобусны үйлчилгээ эрхлэгчдийн ҮЭ-ийн хорооноос хуваалцах бол Сэлэнгэ, Өмнөговь, Нийслэл Улаанбаатар хот, Тээвэр холбоо, газрын тосны ажилтны, Барилгачдын ҮЭ-ийн холбооноос ярилцлага өрнүүлэх аж.
Албан бус салбарт хөдөлмөрлөх эрх, суурь зарчмын хэрэгжилтийг хангуулахад МҮЭ-ийн холбооноос ойрын хугацаанд явуулах үйл ажиллагааны чиглэлийн төсөлд санал авснаар сургалтын арга хэмжээ өндөрлөхөөр төлөвлөжээ.