Д.Сумъяабазар сайд төрийн соёрхолт эрдэмтэддээ хүндэтгэл үзүүлэв
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн. Мөн энэхүү бүтээлийг туурвихад нөр их хөдөлмөр гаргаж, Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж 6 эрдэмтэнд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсэн билээ.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 14-ний өдөр “Монголын геологи ба ашигт малтмал” 8 боть бүтээлийг туурвисан ШУ-ны доктор, профессор Ж.Бямба, Ш.У-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, академич Р.Барсболд, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор О.Гэрэл, Ардын багш, ШУ-ны доктор, профессор Ж.Лхамсүрэн, Монгол Улсын Зөвлөх инженер С.Алтангэрэл, Монгол Улсын Зөвлөх инженер, Ш.У-ны доктор, дэд профессор Н.Жадамба нарт хүндэтгэл үзүүллээ.
Сайд Д.Сумъяабазар “Төрөөс Геологи, ашигт малтмалын чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжилтийг ханган ажиллахад та бүхний санаачлан, удирдан бүтээсэн Стратиграф, Палеонтологи, Интрүзив чулуулаг, Литосферийн плитийн тектоник, Шатах ашигт малтмал, Метал ашигт малтмал, Метал бус ашигт малтмал, Гидрогеологи гэсэн 8 боть бүтээлийг судалгааны нэн чухал эх үүсвэр болгон ашигласан.
Геологч мэргэжил өөрөө байгалийн шинжлэх ухаан тул, геологчид нь бүгд судлаачид байдаг. Та бүхний энэхүү бүтээл Монголын геологийн олон үеийн судлаачдын нэгтгэл болж, Монгол Улсад анх удаа эх хэлнээ хэвлэгдсэнээр ач холбогдол туйлын өндөртэй юм” гэлээ.
Мөн тэрбээр Монгол Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх 2019 оны геологийн судалгааны ажтлд зориулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцад 24.6 тэрбум төгрөгөөр тусгасаныг дурдав. Дээрх тоо 10 жилийн өмнө 2 тэрбум төгрөг хүрэхгүй байсан, харин өнгөрсөн жилээс даруй 10 орчим тэрбум төгрөгөөр өсөж байгаа нь Геологийн салбарыг бодлогоор дэмжин олон судалгааны, төслийн ажлыг үргэлжлүүлэх мөн шинээр эхлүүлэх боломжийг нэмэгдүүлж буйг онцлон дурдлаа. Салбарын сайд Монголын геологийн салбарын Төрийн соёрхолт эртэмтэддээ хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.
УУХҮ-ийн сайдыг хүндэтгэл үзүүлэн, хүлээн авч уулзсанд ахмад эртэмтэд талархсанаа илэрхийлж, дээрх 8 боть бүтээлийг цаашид улам баяжуулан, шинэчлэн хэвлэх боломжтой хэмээлээ.