2011.09.19
С.Эрдэнэ: Д.Зоригт бид хоёрын дунд ямар ч өс хонзон байхгүй
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулахаар өмнө нь хоёр ч удаа шаардлага хүргүүлж байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар энэ удаад сайдад асуулт илгээгээд байгаа билээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнээс цөөн асуултад хариу авлаа.
-Д.Зоригт сайдад тавьсан асуултын тань агуулга юу вэ. Түүнийг огцруулахаар та бүхний хүргүүлж байсан өмнөх хоёр шаардлагаас эдгээр асуулт ямар ялгаатай юм бэ?
-Өмнө нь Д.Зоригтыг огцруулах шаардлагыг үндэслэлүүдтэй нь УИХ-ын даргад хүргүүлсэн. Харин одоо түүнд найман зүйл асуулт тавьж байгаа юм. Огцруулахаар санал оруулсны дараагаас эхлээд энэ хүртэлх хугацаанд сайд юу хийж хэрэгжүүлэв гэдэг тодруулга авах гэж асуулт тавьсан. Өмнө нь Д.Зоригтыг огцруулахаар хоёр удаа шаардлага тавихад, УИХ олонхоороо шийдээд авч үлдсэн. Түүнийг энэ бүхэнд дүгнэлт хийж үү, ажил хийж үү, хариуцсан салбарт нь ахиц дэвшил гарч уу гэдэгт л тодруулга авъя гэж байгаа юм.-Өмнө нь хоёр удаа ийм асуудал оруулсан, одоо дахиад асуулт тавьж байгаа нь зарим талаар хардлага дагуулж байна. Тавьж байгаа асуудал гэхээсээ илүү Д.Зоригт гэдэг хүндээ учир байгаа юм биш үү?
-Улс орны эдийн засгийн байдал өнөөдөр ямар байгааг мэдэхгүй хүн, байхгүй. Жишээлбэл, эрчим хүч, нефьтийн хангамж ямар төвшинд байгаа билээ. Бид байдлыг бодитоор харж, шаардлага тавьж байна. Түүнээс биш хэн нэгэн Д.Зоригтод асуудал байгаа юм биш. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах үүрэг даалгаврыг аль 2008 онд УИХ-ын тогтоолоор гаргасан. Одоо болтол эхлээгүй.Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг бий болгох асуудлыг аль 2008 онд мөн л УИХ-ын тогтоолоор баталсан.
Одоо болтол эхлээгүй байна. Нийслэл хоёрхон цахилгаан станцтай. Аль нэг нь зогслоо гэж бодоход Улаанбаатар хөлдөхөд бэлэн байгаа. Ийм байхад заавал ниргэсэн хойно нь хашгиран гэгчээр ямар нэгэн юм болсон хойно хариуцлага тооцох ёстой юм уу. Урьдчилж хэлж ярих хэрэгтэй биз дээ. Бид энэ асуудлыг тавиад байгаа нь хэн нэгний мууг үзэх гэсэн юм биш. Энэ салбар болохгүй байна, сайжруулаач гэдгийг л Засгийн газарт анхааруулаад байгаа юм. УИХ-д өргөн барьж буй нь амьхандаа бусад гишүүн болоод УИХ-ын удирдлагуудад анхааруулж, энэ асуудлыг анхаарлын төвд аваачих гэснийх.-Д.Зоригт сайдаас ямар хариулт хүсэж байгаа вэ. Нэг иймэрхүү хариулт ирэх байх гэсэн багцаа байна уу?
-Өөрөө хийсэн ажлаа тайлагнах байх. Магадгүй, бид мэдээлэлгүй байж болно шүү дээ. Юу хийсэн, юу бүтээсэн гэдгийг нь сонсъё. Хийгээгүй бол хариуцлага тооцох ёстой. Хаврын чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга Д.Зоригтод хэлсэн. "УИХ чамд хоёр дахь удаагаа итгэл үзүүллээ, Тавьж байгаа энэ шаардлагууд үндэслэлгүй зүйл биш шүү. Ажлаа сайжруулаарай" гэж. Тэгэхээр өнөөдөр эрдэс баялаг. эрчим хүчний салбарт юу хийг-дээд, юу ахиад байна вэ, юу нь сайжраад байгаа вэ гэдгийг л сонсъё гэсэн юм. Ахиагүй бол тооцдог хариуцлагыг нь тооцъё л гэсэн.-Магадгүй, энэ асуудлын наана улс төрийн намрын бужигнааныг далимдуулж хамтарсан Засгийн газрыг унагах бодол давхар байж магадгүй гэсэн хардалт бас байна?
-Хэн, юу гэж хардах нь тухайн хүний эрхийн асуудал. Бид Оюутолгойн асуудлыг удаа дараа тавьж байж гэрээн дээр байсан хэд, хэдэн заалтыг залруулж чадсан. Тавантолгойн асуудлаар тэмцэл хийсний дүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ асуудлыг буцаалаа. Бидний тэмцлийн үр дүн энэ мэтээр гарч байгаа шүү дээ. Мэдээж, энэ бүхнийг бид улс орныхоо төлөө хийж байгаа. Түүнээс биш надад ямар ч уул уурхай, ашигт малтмалын орд, лиценз байхгүй. Тэнд ямар ч ашиг сонирхол байхгүй.Д.Зоригт сайдтай муудалцаад байх шаардлага байхгүй
Хувь хүнийхээ хувьд бидний хооронд ямар ч харилцаа, өс хонзон байхгүй. Зүгээр л, улс орны нийт эрх ашгийн төлөө асуудал тавьж байна. Эх орныхоо төлөө, тулгамдаад байгаа салбарт хариуцлага тооцох гэж асуудал тавьснаараа.би буруутан болох гээд байх шиг. Зарим хэвлэлд намайг "мөнгөөр бөөлждөг" хүмүүсийн захиалгаар муулж, гүтгэж бичиж байгаа, Тэглээ гээд бид энэ байр сууринаасаа ухрахгүй. Тавьдаг асуудлаа тавина. Бид бодит асуудлыг тавьж байгаа. Жишээлбэл, сая нефть импортын асуудал гарахад салбарын сайдын хариуцлагагүйгээс болоод хэчнээн аж ахуйн нэгж байгууллага, иргэн хохирсон билээ. Өнөөдөр дизель түлшний үнийг хар даа. Хэн дуртай нь үнийг дураараа нэмдэг болсон. Хэн ч үүнд хяналт тавихгүй байна. Төрийн хяналт байхгүй болсон. Сүүлдээ бүр зохион байгуулалттайгаар шатахууны хомсдол бий болгож байна. Үүнээс нь айгаад иргэд үнэ мөнгөн дээр дуугарахаа болилоо. Дураараа аашилдаг хэдэн нефть импортын компани, ингэх нөхцөлийг бүрдүүлдэг яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар байх ямар хэрэгтэй юм бэ. Татан буулгах хэрэгтэй шүү дээ.-Цаашид та бүхний хийх алхам Д.Зоригт сайдын ирүүлэх хариултаас шалтгаална гэж ойлгож байна?
-Хуулийн хэмжээнд олгогдсон эрхийнхээ хүрээнд дараа, дараагийнхаа алхмуудыг хийнэ. Ингэ гэж биднийг УИХ-д гаргасан. Ажлаа хий, шударга бай, үнэнийг хэлж чаддаг бай гэж гаргасан. Тэгснийхээ төлөө янз бүрийн нэр хоч зүүмээргүй байна.\
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.