Ц.Даваасүрэн: Амиа алдсан 13 настай охины хэргийг анхаарч үзээрэй
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.15/ хуралдаан эхэллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,2 дахь заалтыг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцууллаа.
Нэр дэвшигч Сосорбарамын Соёмбо-Эрдэнэ нь Анхан болон давж заалдах шатны шүүхэд 12 жил шүүгчээр ажиллажээ. Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр нэр дэвшигч С.Соёмбо-Эрдэнэ нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгаруулалтад 70.6 оноо авсан. Мөн нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын Хуульчдын холбооноос мэргэжил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн дүгнэжээ.
Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох тухай хэлэлцэх үед УИХ-ын зарим гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
“Салбартаа олон жил ажилласан учраас сайн ажиллах байх гэж найдаж байна. Салбарыг зөв тогтолцоотойболоход анхаарч ажиллаарай. Би танд нэг иргэний үгийг дайх гэсэн юм.
Би хэд хоногийн өмнө 100 айлын барилгын материалын зах орсон. Тэр үед 2 иргэн намайг зорьж ирээд нэг зүйл захисан юм. Хэвлэлээр гарч байгаа 13 настай охиныг буудалд хүчирхийлэн алсан этгээдийн хэргийг 13 настай охин нь биеэ үнэлэгч байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох гэж байна. 13 хан настай охин биеэ үнэлээд явж байна гэж юу байх вэ. Энэ шүүхийн байгууллагууд мөнгөтэйд нь нугардаг, мөнгөгүйг нь дээрэлхдэг болжээ гэсэн. Тиймээс та энэ асуудлыг анхаарч үзээрэй. Эцэг хүний хувьд бодоход ч 13 настай хүүхэд биеэ үнэлнэ гэж юу байхав. Биеэ үнэлэгч ч байлаа гэсэн хүний амийг бүрэлгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй биздээ.
Цаашлаад хэдэн тэрбумаар нь хулгай хийсэн ч эргүүлээд төлчихвөл ял авахгүй гэсэн ойлголт иргэдийн дунд бий болж. УИХ, Засгийн газрын шийдвэрийг ч шүүх байгууллага хүчингүй болгоод хэрэгжих аргагүй болгочихдог болж. Эрдэнэтийн 46 хувь дээр УИХ шийдвэр гаргасан. Иргэдэд түүнийг нь өгнө гэж шийдсэн. Гэтэл Улсын дээд шүүх хэрэгжих боломжгүй болгочихоод байна. УИХ-ын шийдвэрийг цэц л хэлэлцэх ёстой. Энэ бол том завхрал. Ийм шийд гаргасан шүүгч нар ёс зүйн хариуцлага тооцоорой.
Улс орноо луйвардсан асуудлыг шийдэж чадахгүй байна гэж би байнга хэлдэг. Юу вэ гэхээр Оюутолгойн асуудал байна. 1,2 тэрбум долларыг ямар ч бичилтгүй авчихсан байдаг. Энэ бол авлигын асуудал. Дубайн гэрээгээр хүчингүй болгосон байдаг. Томоохон ийм асуудлыг хөндөхөөр айгаад байдаг юм шиг байна. Үүнийг эх орныхоо эрх ашгаас урвасан асуудлыг байнга ярих ёстой асуудал юм. Үүнээс салж байж бид зөв явна.”
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.11
2024.11.09