Гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги шинэ байрны нээлтээ хийлээ
Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги шинэ байрны нээлтээ өнөөдөр хийлээ. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Цогбадрах нарын албаны хүмүүс оролцсон юм.
Улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус ангийн барилга нь 4 автомашины тавиулан, оффис, бялдаржуулах танхимтай, 1399 м2 талбай бүхий хоёр давхар иж бүрэн цогцолбор юм.
Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь анх 1989 онд байгуулагдснаас хойш өдгөө 30 жилийн түүхэн хугацаанд дүүргийн болоод Төв аймгийн Баян, Баянцагаан, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт гарсан гамшиг осол, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Он гарсаар нийт 17 удаагийн дуудлагаар ажиллаж, 12 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 13,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Түүнчлэн ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг тохиолдож болзошгүй гамшиг, аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн орон нутгийн хөрөнгөнөөр хяналтын пост ажиллуулах зөөврийн байр, цахилгаан үүсгүүр генератор, шуурхай албаны фургон автомашин, УАЗ-469, Истана автомашинуудыг шийдвэрлэж өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.