Эмч-сэтгэлзүйчдийн сургалтыг зохион байгуулж байна
Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улс дахь Франц Улсын Элчин сайдын яам, тус улсын Гамшгийн анагаах ухааны нийгэмлэгтэй хамтран эмч-сэтгэлзүйчдийн “Гамшгийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж” сэдэвт сургалтыг Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулж байна.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын 30 гаруй эмч-сэтгэлзүйч хамрагдаж байгаа юм.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Франц Улсын Элчин Сайдын тэргүүн зөвлөх, ноён Никола Лакот нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Сургалтаар төв, орон нутгаас алслагдсан гамшгийн үед эмнэлгийн яаралтай тусламжийг хэрхэн үзүүлэх талаар болон хүнд гэмтлийн үеийн эмнэлгийн үзлэг,үйлчилгээний онцлог, гамшгийн үеийн анагаах ухааны чиглэлээр олон улсын эмч нарын мэдлэг, туршлагаас суралцах юм.
Мөн гамшгийн үед нэрвэгдэгсдийн эмзэг байдал, сэтгэл санааны хямралыг тайлах, гамшгийн голомтод эмч нар шийдвэр гаргах, шийдвэрийн схем бүдүүвчийг боловсруулах зэрэг дадлагад суралцах бөгөөд сургалт энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.