Сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Санал өргөн мэдүүлэх тухай” албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн Батжаргалын Батзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна” гэжээ.
Б.Батзориг нь Сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны аравдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан гаргасан билээ.