“Автозам” дэд хөтөлбөр
1.БГД-ийн 9, 10, 11 дүгээр хороодод хатуу хучилттай авто зам тавих
Зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц болон олон өвөл дараалан зуд турхан тохиолдсоны улмаас хөдөө орон нутгийн орлого багатай олон мянган иргэд нийслэл Улаанбаатар хотыг зорин ирж гэр хорооллын бүсэд суурьшин амьдрах болсон. Нийслэлийг чиглэсэн их нүүдлийн улмаас хотын гэр хорооллууд урьд хурдан тэлж эдүгээ хотын захиргаанд гэр хорооллыг оролцуулан 4,700 км2 газар нутаг харьяалагдаж байгаагаас дөнгөж 130 км2 нь хотын төвийн бүсэд ордог. Өнөөдөр хотын нийт хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. Түүнчлэн гэр хороодын доторх замын хувьд багахан хэсэгт нь хучилттай бөгөөд ихэнх нь хучилтгүй шороон зам байдаг. Ерөнхийдөө замын нөхцөл муу, үерийн суваг, гуу жалгыг хөндлөн гарах гүүрэн гарц байхгүй, зарим хэсэгтээ хэвгий налуу ихтэй байдаг нь тээврийн хэрэгсэлийн зорчих байдалд хүндрэл учруулдаг, явган хүний зам нь тусгайлан төлөвлөж зассан зориулалтын түвшинд байдаггүй тээврийн хэрэгсэл зорчих зориулалттай хучилтгүй шороон зам явган зорчигчийн замын үүргийг гүйцэтгэдэг байна. Мөн энэ замаар оршин суугчид ус түгээх байрнаас унд, ахуйн хэрэглээний усаа зөөдөг юм. Дээрх байдал нь оршин суугчид нийтийн тээврийн үйлчилгээ авахад хүндрэл учруулж тэдгээрийн нийтийн тээврийн үйлчилгээний буудлын байршлыг ойртуулах, тохижилт үйлчилгээтэй болгоход сөргөөр нөлөөлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний хзртээмж чиглэлийн тохиромжгүй байдлаас шалтгаалж оршин суугчид цаг, мөнгө харьцангуй илүү зарцуулдаг байдал ажиглагддаг. Иймээс дүүргийн 9, 10, 11 дүгээр хороодод нийт 3,5 км хатуу хучилттай автозам барих саналыг гарган улсын төсвийн 2010 оны хөрөнгө оруулалтад холбогдох төсөв хөрөнгийг суулган, батлуулж уг ажлыг гүйцэтгэлээ. Эдгээр замуудыг дагаад “Гэрэлтүүлэг-тохижилт” хөтөлбөрийн хүрээнд нийт 200,0 сая төгрөгийн өртөгтэй гэрэлтүүлгийн ажил хийгдэх юм.
1. Баруун 4 замаас 10-р хорооллын уулзварын авто замын өргөтгөл, шинэчлэл
Замын эвдрэл, гэмтлээс болж автомашины техник их эвдэрдэг. Үүнээс үүдсэн аваар осол ч цөөнгүй. Замын нөхцөл байдлаас болж осол аваар гарахад хохирлыг замын байгууллага төлөх ёстой гэж хуульд заасан. Гэвч манай Замын цагдаа, хууль хяналтынхан юм л бол жолоочийг буруутгадаг. Жолооч, зам, техник гээд олон шалтгаантай гэдгийг сайтар ялгаж зөв дүгнэлт хийх ёстой юм. Жил болгон тодорхой хэмжээний татвар авдаг. Гэтэл нөгөө зам нь бахь байдгаараа байхаар жолоочоос гадна иргэд бухимдах нь аргагүй. Өдрөөс өдөрт ачааллаа дийлхээ байгаад байгаа нийслэлийн авто замын түгжрэл бөглрөл хамгийн ихтэй газаруудыг өргөтгөх зорилгоор Баруун дөрвөн замын уулзвараас 1-р хорооллын Саппорогийн уулзвар хүртэл хуучин 15 м өргөнтэй байсан замыг өргөтгөн 21 м өргөнтэй болгож 2010 оны 8-р сард ашиглалтад орууллаа. Нийт төсөвт өртөг нь 2 465 098 996 төгрөг болсон байна.