Д.Сумъяабазар: “Роснефть” компани манай улсад орж ирэхгүй
2018.10.24

Д.Сумъяабазар: “Роснефть” компани манай улсад орж ирэхгүй

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газар “Роснефть” компанитай хэлэлцээр хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ талаарх бодит мэдээллийг өнөөдөр Засгийн газрын сайд нарт өглөө. “Роснефть” компанитай урт хугацаанд хамтарч ажиллах тэр дундаа нефть боловсруулах үйлдвэрийн боловсруулсан түлшийг дамжуулах хоолой, онгоцны түлш нийлүүлэлт гэх мэт таван багц асуудлаар хэлэлцээр хийхээр төлөвлөж байна.

Иймд -50 хэмд нефть дамжуулах хоолой татаж байсан туршлагатай ОХУ-ын компанитай хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг чиглэлийг Засгийн газраас авлаа. Арваннэгдүгээр сарын 15-ны дотор “Роснефть” компанитай ярилцаж, шийдвэр гаргуулах чиглэл авлаа.

Иргэдээс шатахууны үнэ, ханшийг шүүмжилж байгаа. Олон улсын биржүүд дээр нефтийн ханш өсч  байгаатай холбоотойгоор Монгол Улсад орж ирж байгаа шатахууны үнэ өссөн. Бид Төвбанктай хамтарч шатахууны үнийг тогтворжуулах боломжуудыг судална.

Үүнээс гадна аж ахуйн нэгжтэй ойлголцох үүднээс Үнийн зөвлөлийг хуралдуулсан. Үнийг зөвлөлийн хуралдаан дээр “Роснефть” компанитай хийх хэлэлцээрийн бэлтгэл ажлын талаарх тодорхой мэдээллийг өгсөн. Үүнээс гадна Тавантолгойн богино тээвэр, уртын тээвэртэй холбоотой мэдээллийг Засгийн газарт өгсөн.

Өдөрт 1300-1400 орчим тээврийн хэрэгсэл гарч байгаа. Үүнийг 1700-д хүргэх ингэснээр улсын төсөвт орж ирж байгаа валютын хэмжээ нэмэгдэх, цаашлаад олон улсад IPO хийх бидний ажилд дэмжлэг болох давуу талтай.

Эрдэнэс Тавантолгой компани он дуустал 15 сая тонн нүүрс экспортод гаргахаар зорьж байгаа. Ийм хэмжээний нүүрс гаргаж чадвал олон улсын үнэлгээ ч сайжрах давуу талтай. “Роснефть” компани Монгол Улсад орж ирэхгүй. Харин тус компани онгоцны түлш нийлүүлэх болон нефть боловсруулах үйлдвэр барихад хамтарч ажиллах саналыг Монголын талаас тавиад байгаа аж" гэлээ. 

Т.ЭНХЭЛЭЭ