Гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.10.23) хуралдаан 15 цаг 42 минутад 52.6 хувийн хувийн ирцтэй эхэлж “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хийсэн юм.
Манай улс БНХАУ-тай Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай, Ялтан шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулсан хэдий ч эдгээр гэрээ нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконг болон Макаод үйлчилдэггүй. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонконг, Макао зэрэг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүд байгуулахаар ажиллаж байгаа аж.
Монголчууд ихээр зорчин, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон зарим орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулах бодлогын хүрээнд 2012 онд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрүүд байгуулах санал тавьж, улмаар "Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2016 онд байгуулжээ.
Харин “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг талууд эцэслэн тохиролцож, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Улмаар 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр талууд уг хэлэлцээрт БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд гарын үсэг зуржээ.
Одоогоор манай улсын 35 иргэн Хонконгд ял эдэлж байгаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буйг Хууль зүй, дотоод хэргийн сайд онцоллоо.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд санал хураалтад оролцсон 13 гишүүний 12 нь буюу 92.3 хувь нь “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжив. Иймээс энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцээрийг соёрхон батлуулахаар шийдвэрлэлээ.