Түгээлтийн машинуудыг хязгаарлахыг эсэргүүцэв
2018.10.18

Түгээлтийн машинуудыг хязгаарлахыг эсэргүүцэв

НИТХ-аас Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргана хэмээн мэдэгдээд байсан билээ.

Монголын Хүнсчдийн Холбооны зүгээс энэ тал дээр өөрсдийн байр сууриа илэрхийллээ. 
Тэд хэлэхдээ "НИТХ-аас их хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад анхааран ажиллаж байгаад хүнс үйлдвэрлэгч бид иргэнийхээ хувьд, үйлдвэрлэгчдийнхээ хувьд талархаж байна. Гэвч Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт хийнэ гэсэн мэдээлэл тарсан.
Үүнтэй холбогдуулан Монголын Хүнсчдийн Холбооноос хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй ажлыг дэмжин холбогдох судалгааг үндэслэн хүнсний үйлдвэрлэгчдийн талаас авч хэрэгжүүлэх боломжтой саналаа боловсруулж, УБ хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор НЗД-ын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан "Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг"-ийн дарга, зөвлөх, ажлын хэсэгтэй уулзаж санал тавьсан боловч бидний саналыг хүлээж авахгүй, салбар дундын уялдаа холбоог хангаж холбогдох газруудтай хамтран ажиллахгүй, хотын хүн амын хүнсний тогтвортой хангамж, аюулгүй байдлыг харгалзан үзэхгүй байна" гэсэн юм.
Тэд уг шийдвэрээ эргэн харахыг, оролцогч бүх талуудаа хамруулан үзэл бодол, саналыг сонсож дахин шийдвэр гаргахыг хүсч байгаа аж.