Хоршоодын чадавхийг дээшлүүлэх, боломжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ
2018.10.16

Хоршоодын чадавхийг дээшлүүлэх, боломжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

Хөдөө аж ахуйн хоршооллын форум: Хөдөө аж ахуйн хоршоодын боломжийг нэмэгдүүлэх нь хөтөлбөр (2018.10.14) хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийн эхний хэсэгт, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Стратеги судалгаа, хөгжлийн хэлтсийн дарга Ж.Мягмарсүрэн нар оролцож, хоршооны талаар төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ.

Одоогоор манай улсад 4300 гаруй хоршоо, үүнээс ХАА-н салбарт 1300, хадгаламж зээлийн 400, худалдаа үйлчилгээний чиглэлээр 1500 орчим хоршоо, үндэсний 5 холбоо, сургалт мэдээлийн төв үйл ажиллагаа явуулж байна.

Тус салбарыг дэмждэг 10 гаруй олон улсын байгууллагууд хөгжил туслалцааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Нийгэм цаг үеийн шаардлагаар хоршооллын салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилгын үүднээс нэн түрүүнд түүний хууль эрх зүйн орчныг сайжруулах саналыг салбарын оролцогчид дуу нэгтэй гаргаж тус салбарын хууль, хөтөлбөрийг шинэчлэх ажил ид өрнөж байна.

Тиймээс ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан илтгэлдээ, хоршооны өнөөгийн байдал, олон улсын байгууллагууд, хоршоолол, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга зэргийг дурдлаа.

Хоршооны тухай хуулийг шинэчлэх болсон гол шалтгаан гэвэл одоо мөрдөгдөж буй хууль нь хэт ерөнхий, хөгжлөө даган, нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй байгаа, хоршоог байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, хариуцлага, дотоод хяналтыг нь сайжруулах шаардлагатай болсон, хоршооны удирдлагын менежмент сул, гишүүдийнхээ өмнө хүлээх хариуцлага тодорхойгүй зэргийг дурдаж болох юм.

Шинэчилсэн найруулгын төслийн нэгдүгээр бүлэгт, хоршоонд гишүүнээр элсүүлэхтэй холбоотой зарим шаардлага, хоршооны үйл ажиллагааны чиглэл, үйл ажиллагаанд тавих тусгай шаардлага, хоршооны гишүүн, удирдлагын талаар шаардлага тавьсанаас гадна хоршоо өөрийн үйлчилгээг авдаг  дэмжигч гишүүнтэй байж болохоор оруулж, жинхэнэ гишүүн, дэмжигч гишүүний  ялгааг тодорхой тусгасан.

Тэгвэл хоёрдугаар бүлэгт, хоршооны хэлбэр, гишүүдийн тоо, хоршоо аж ахуй эрхлэх нэгжийн хувьд гишүүдийнхээ өмнө хүлээх үүрэг, эдлэх эрх, хориглох зүйлийг шинээр оруулахаар тусгалаа. Хоршооны гүйцэтгэх удирдлага заавал хоршооны гишүүн бус, мэргэжлийн, тодорхой шалгуурыг хангасан байх шаардлагыг шинээр гуравдугаар бүлэгтээ оруулжээ.

Оролцогчдын зүгээс Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэзээ батлагдах, хоршоог хөгжүүлэх талаар УИХ, Засгийн газрын бодлого, жишиг хоршоо байгуулах асуудал зэргийг илтгэгчдээс асуусан. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь олон нийтийн хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа бол Бэлчээрийн тухай хуулийн төсөл батлагдсанаар малчдын бүлэг, хоршоог байгуулах боломжийг нээж, харилцан туршлага судлах боломжтой гэдгийг УИХ, Засгийн газрын төлөөлөл хэллээ.

Нэг аймагт 2-3 буюу улсын хэмжээнд нийт 50 жишиг хоршоо байгуулж, нэг хоршоонд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн, ирэх оны төсвийн төсөлд 5 тэрбум төгрөг суулгахаар саналаа Сангийн яаманд хүргүүлээд байна гэв.

Өнгөрсөн жилүүдэд хоршоог хөгжүүлэх олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжсэн ч үр дүн тааруу байгаа учраас дараа дараагийн санхүүжилт олдох нь хүндрэлтэй байдаг учраас хоршоодын бүртгэлийг сайжруулах, дотоод хяналтаа дээшлүүлэх хэрэгтэй гэж мэргэжлийн холбооны төлөөлөл үзэж байна.

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос Хөдөө аж ахуйн биржээс тавьсан тодорхой шалгуурын дагуу үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг 56 хоршоог санал болгож, тус бирж итгэмжлэл олгож, хамтран ажиллаж байгаа юм. Итгэмжлэгдсэн хоршоог 100 болгохоор зорьж байгаагаа Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Стратеги судалгаа, хөгжлийн хэлтсийн дарга Ж.Мягмарсүрэн мэдээллээ.

1998 онд батлагдаж, одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд, хоршоо нь эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ.

Хоршоо нь түүхий эд боловсруулалтын, үйлдвэрлэлийн, хадгаламж, зээлийн, борлуулалт, хангамж, бэлтгэн нийлүүлэлтийн, үйлчилгээний, орон сууц барих зориулалтын, эд хэрэглэгчдийн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Анхан шатны хоршоог 9-өөс доошгүй иргэн, дундын хоршоог хоёроос доошгүй хуулийн этгээд байгуулж болно. Тухайн хоршооны дүрмийг зөвшөөрсөн, түүний үйлчилгээг ашиглаж, холбогдох хариуцлагыг хүлээх чадвартай иргэн, хоршоо сайн дураараа хоршоонд элсэнэ гэсэн зохицуулалттай байна.

Аравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны VIII их хурал Улаанбаатар хотноо болж байгаа юм. Тус холбооны их хуралд 21 аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоодын 138 төлөөлөгч оролцож байна.