Аудитын тулгамдсан асуудлыг хэлэлцлээ
2018.09.17

Аудитын тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

Аудитын компанийн удирдлагуудын ээлжит уулзалт энэ сарын 14-нд боллоо. Энэ удаагийн уулзалтаар захирлууд ёс зүйн дүрмийн мөрдөлт, шинэчлэгдэж байгаа олон улсын стандартууд, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ. 

 Энэ үеэр ММНБИ-ээс 2018 оны сүүлийн хагас жилд аудитын талаар хэрэгжүүлэх ажлуудын талаар товч танилцуулсан. Үүний гол асуудлын нэг нь аудитын чанарын хяналт шалгалт болохыг ММНБИ-ийн дэд захирал Л.Батцэнгэл тодотгож байв. “Аудитын тухай” хуульд аудитын чанарын хяналтыг төрийн захиргааны төв байгууллага 3 жил тутамд хийхээр заасан байдаг. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Сангийн сайдын тушаалаар 2018 онд аудитын компаниудад чанарын хяналт хийх ажлын хэсгийг баталж, шалгуулах 60 компанийг тодорхойлсон. Чанарын хяналтаар анхаарах хамгийн гол зүйл бол аудитын горимын дагуу ажил гүйцэтгэсэн эсэх, ажлын баримтын бүрдэл гэдгийг тэрбээр онцолж байлаа. 
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 136 хараат бус аудитын байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 114 нь Улаанбаатар хотод, 22 нь орон нутагт ажиллаж байна. Энэ удаагийн уулзалтанд 80 гаруй компанийн захирлууд оролцлоо.