Өдрийн сурвалжлага: Цагдаа дуудаагүй ч даатгалын компаниас нөхөн төлбөр авч болно
2017.09.15

Өдрийн сурвалжлага: Цагдаа дуудаагүй ч даатгалын компаниас нөхөн төлбөр авч болно

Зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндл хохироогүй, талууд маргаан үүсгээгүй тохиолдолд цагдаагийн байгууллагын тодорхойлолтгүйгээр даатгалын компаниас нөхөн төлбөр авах боломжтой гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх албаны дарга Э.Бөхбат мэдээллээ.  

ESA: — 2017 оны оны долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хэд хэд арга хэмжээ тусгагджээ. Үүний нэг нь зам тээврийн осол гаргасан жолоочийг 100 нэгжээр торгож, жолоочийн таван оноог хасах зохицуулалт юм.

Үүнээс болж даатгалын компаниуд ашиг олж байгаа тухай иргэд сошиал орчинд ярих боллоо.

Зам тээврийн осол гаргасан  жолоочид цагдаагаар хэргээ шийдүүлнэ хэмээн ослын газарт цагдаа дуудах бөгөөд цагдаагийн байгууллагын дүгнэлтээр буруутай нь тогтоогдсон нэг нь  100 мянган төгрөгөөр торгуулж, жолоочийн онооноосоо тавыг хасуулна. Энэ бол Зөрчлийн тухай хуулийн заалт бөгөөд хэрэв замын хөдөлгөөний дүрмээ зөрчилгүй хөдөлгөөнд оролцвол заавал торгуулах албагүй.

Жишээлбэл... Зам тээврийн ослоор хөнгөн хэмжээний хохирол учруулсан бол бидний хэлдэгээр хоорондоо тохиролцон хувиасаа мөнгөө гарган нөгөө жолоочийнхоо машиныг засуулдаг. Эсвэл аль аль талдаа буулт хийлгүй маргаан үүсвэл тухайн маргааныг нь цагдаагийн алба хаагч шийдвэрлүүлдэг. Энэ хоёрын аль ч тохиолдолд жолоочид даатгалын компаниа дуудаж, нөхөн төлбөр авах эрхтэй юм байна. Жолооч нар маргаан үүсгэхгүй, “зохицож” чадсан тохиолдолд даатгалаа дуудан хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, ослын үеэр цагдаа дуудаж, оноогоо хасуулах, давхар торгууль төлөхгүй байж болох юм.  

Сүүлийн үед сошиал орчинд гараад байгаа маргааны талаар Албан журмын даатгуулагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав тайлбар хийлээ.

Албан журмын даатгуулагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав: 

 “Тухайн жолоочийн гаргасан зөрчлийн улмаас тээврийн хэрэгслийн гэмтэл нь 100-200 мянган төгрөгөөр үнэлэгдэхээр хэмжээнд байхад цагдаа дуудсанаар зөрчил гаргасан жолоочийн төлөх мөнгө нь ихсэж байна. Буруутай жолооч торгуулиа төлөөд, гэмтэл учруулсан тээврийн хэрэгслийн мөнгийг төлөх болно. Улмаар даатгалын компаниасаа 100-200 мянган төгрөгийн нөхөн төлбөр авахаараа даатгалын комапниуд ашиг олдог мэтээр ярьж байгаа юм. Үнэндээ албан журмын даатгалаас орж ирж байгаа мөнгөний 50 гаруй хувийг нөхөн төлбөрт өгдөг. Өнгөрсөн жил 27 тэрбум төгрөгний даатгалын төлбөр компаниудад орж ирснээс 14 тэрбум төгрөгийг  нь зам тээврийн ослын нөхөн төлбөрт зарцуулсан. Үлдсэн хөрөнгийг даатгалын компаниуд ажилчдын цалин хөлс болон бусад зардалд зарцуулдаг" гэв.

Даатгалын компаниас бага нөхөн төлбөр авч байгаа иргэд даатгалын тухай буруу ойлголтыг нийгэмд түгээж байна гэв. Жолоочийн хариуцлагын даатгалын ачаар их хэмжээний төлбөрөөс чөлөөлөгдсөн жолоочид ч цөөнгүй гэдгийг онцолж байсан юм. Харин зарим даатгалын компаниуд жолоочдод нөхөн төлбөрийн мөнгийг өгөхдөө заавал цагдаагийн байгууллагын тодорхойлолт, замын ослын бүдээвч зургийг шаардаж байгаа гэнэ. Энэ нь хууль бус бөгөөд цагдаагийн тодорхойлолт, бүдүүвч зураггүйгээр даатгалын компаниас нөхөн төлбөрөө авч болох юм байна.

Жолоочийн даатгалын тухай хуулиар:

 

  • “А” ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөг
  • “В” ангиллын тээврийн хэрэгсэлд 33000 төгрөг
  • “С” ангиллын тээврийн хэрэгсэлд 42500 төгрөг
  • “D” ангиллын тээврийн хэрэгсэлд 53000 төгрөг
  • “Механизм” ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөгөөр жолоочийн даатгалыг хийлгэж байна. Мөн жолооч нь суурь хураамжийн 33000 төгрөгийг даатгалын компанид төлж байгаа юм.

Харин “А” “В” ангиллын тээврийн хэрэгсэлд 5 хүртлэх сая төгрөг, “В” “С” ангиллын тээврийн хэрэгсэлд 10 хүртлэх сая төгрөгний нөхөн төлбөрийг даатгалын компаниас авч болох юм. Мөн жолоочид жилд хэдэн ч удаа даатгалын компаниас нөхөн төлбөр гаргуулах боломжтой юм байна.