Гэрлэх ёслолын ордныг татан буулгахгүй
Наймдугаар сарын 15-нд болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын асуудлыг хэлэлцжээ.
Хуралдааны үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан
“Орон нутгийн өмчит 32 үйлдвэрийн газруудаас нийслэлд төвлөрүүлэх ногдол ашиг 30 хувь байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цаашид эдгээр газрууд менежментээ сайжруулж ногдол ашгаа 100 хувь нийслэлд төвлөрүүлэх ёстой” гэдгийг онцлон анхааруулж Гэрлэх ёслолын ордны санхүүгийн баримтаас жишээ болгон дурдсан юм байна.
Тухайлбал, Гэрлэх ёслолын ордон жилд 1.284 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Үүнээс зардал нь 963 сая төгрөг, нийт цэвэр ашиг нь 321.220 сая төгрөг болжээ. Үүнээс нийслэлд хуваарилах ногдол ашиг гэж жилдээ 29 сая төгрөгийг төвлөрүүлсэнд шүүмжлэлтэй ханджээ.
НИТХ-ын даргын хэлсэн энэ үгийг мушгиж, Гэрлэх ёслолын ордныг татан буулгах гэж байгаа гэсэн мэдээллийг сошиалаар тараасан байна. Тиймээс энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан өөрийн байр суурийг илэрхийлж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Гэрлэх ёслолын ордныг татан буулгах тухай асуудал огт яригдаагүй бөгөөд цаашид ч яригдахгүй, яригдах ёсгүй гэдгийг мэдэгджээ.