Х.Нямбаатар: Монгол улсаас ямар ч ХҮНИЙГ хууль зөрчиж ХУЛГАЙЛЖ болохгүй
УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.
-Хууль зүйн байнгын хороо хуралдахаар товлогдсон боловч ирц хүрсэнгүй. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн шаардлагаа хүргүүлсэн. та ч гэсэн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналтай байгаа юу. Ээлжит бус чуулган зарлан хуралдвал АтГ-ын даргыг өөрчлөх асуудлыг хэлэлцэх юм уу?
-Л.Оюун-эрдэнэ гишүүн ээлжит бус чуулганыг хуралдуулъя гэж ганцаараа шаардаагүй. үндсэн хуулинд зааснаар УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар Албан бичиг өргөн барьсан, Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардсан. Ийм үндэслэлүүдээр УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах захирамж гаргах үүрэгтэй. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахтай холбоотойгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэсэн ямар ч процедур УИХ-ын тухай болон үндсэн хуулинд байхгүй. Энэ хууль бус.
Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг шаардсан бол УИХ-ын дарга санаачилга гаргах, эсхүл УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээш гишүүд шаардлага тавьсан бол УИХ-ын дарга захирамж гаргана гээд үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулинд ч тийм зохицуулалт бий.
-Үнэхээр хуулиндаа тэгээд заачихсан юм бол яагаад хуулиа дагахгүй байгаа юм бэ?
-УИХ-ын даргын зөвлөл Хууль зүйн байнгын хороогоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулж хэлэлцүүлэх асуудлыг байнгын хороогоор урьдчилан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах гээд байгааг нь ойлгохгүй юм. Байнгын хорооны хуралдааны өмнө “УИХ-ын Тамгын газрын даргыг дуудаж асуулт асуумаар байна” гэсэн ч Хууль зүйн байнгын хорооны хуралдааны ирц хүрсэнгүй. Хоёрдугаарт, 26 гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд тавьж байгаа шаардлагыг нэг байнгын хороо зөв, буруу гэдэг дүгнэлт гаргах хууль тогтоомж байхгүй шүү дээ.
-60 тэрбумд нэр холбогдсон М.Энхболд дарга ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж байна. 60 тэрбумыг гардан хэрэгжүүлсэн буюу ажилд томилох эрх мэдэл бүхий хүмүүст хариуцлага тооц гэж байна л даа?
-Манай эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3, 22.4 дүгээр зүйлд албан тушаалаа урвуулан ашигласан, албан тушаалын давуу байдал үүсгэж өөртөө тусгай эрх олгосон, хээл хахууль өгсөн, авсан, зуучилсан бүх хүмүүс хуулийн хариуцлага хүлээнэ. Хууль хяналтын байгууллага энэ бүгдийг тогтоож, тэр бүх хүмүүст хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин бий.
-Ээлжит бус чуулган хуралдах юм уу. Хуралдах ч юм шиг, үгүй ч юм шиг байх юм?
-Мэдэхгүй. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан маргааш (өнөөдөр) 11 цагаас дахин зарлагдсан. -Ээлжит бус чуулган зарлаад хэлэлцэх ямар чухал асуудал байна вэ. Ээлжит бус чуулганыг ямар тохиолдолд зарлан хуралдуулах талаар хууль бий. Л.Оюун-Эрдэнэ гишүүний хөндсөн 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлах боломжгүй гээд байгаа л даа?
-Ээлжит бус чуулганаар ийм асуудлыг хэлэлцэнэ, үүнийг нь хэлэлцэхгүй гэдэг хуулийн заалт байдаггүй л дээ. Үндсэн хуулийн 23, УИХ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд таны асуусан эл харилцааг бүтэн зохицуулсан. УИХ-ын тухай хууль гэдэг бол Үндсэн хуулиас урган гарсан органик хууль. Органик хууль зөрчигдөж байна гэдэг нь Үндсэн хууль зөрчигдөж байна гэсэн үг.
Миний хувьд Хууль зүйн байнгын хороо хуралдах ямар ч шаардлагагүй гэж бодож байна. Маргааш ч хуралдах хэрэггүй. Харин хэзээ Хууль зүйн байнгын хороо хуралдах ёстой вэ гэвэл УИХ-ын ээлжит бус чуулган зарлаад, чуулганаа нээгээд, хэлэлцэх асуудлаа батлаад, холбогдох мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлээд эргээд Их хурал товлосон хугацаандаа уг асуудлыг шийдэх ёстой. Харин ээлжит бус чуулгандаа Их хурлын гишүүд ирэх үүрэгтэй.
-Манайхан ёс зүй, хариуцлага маш их ярьдаг. Та ч ярьдаг. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн яаман дээр нэг газрын дарга нөгөөгөө егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан. Төрийн алба үнэхээр ёс зүйгүй байгаа юм биш үү. Цаашид ийм хэрэг гарахгүй гэх баталгаа байна уу?
-Төрийн алба бол шатлан удирддаг тогтолцоо. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Төрийн албаны тухай хууль төрийн албаны дүрэм журам Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг ханган биелүүлэх үндсэн үүрэгтэй төрөөс цалин авдаг хүмүүсийг төрийн албан хаагч гэж байгаа юм.
Шатлан удирддаг тогтолцооныхоо хүрээнд дээр дурдсан хэм хэмжээг зөрчсөн тохиолдол тус бүрт дээд удирдлагын зүгээс хариуцлага тооцох, ажлаас халах, бусад хууль зүйн хариуцлага хүлээлгэх бүх эрх зүйн орчин нь манайд бий. Энэ хүрээндээ шийдэгдэх ёстой. Болохгүй бол ажлаас нь чөлөөлнө. Манайд хууль хэрэгжихгүй байгаагаас үүдэж өнөөдөр төрийн албанд ийм эмгэнэлтэй зүйл бий боллоо.
-Хууль яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ?
-Хууль хэрэгжихгүй байна гэдэг нь эрх зүйг үгүйсгэх үзлийн хамгийн анхдагч хэлбэр. Манайд ийм зүйл хаа сайгүй бий боллоо. Дарга төвт томилгоотой, даргадаа үйлчилдэг түшмэдийн тогтолцоо нягт бий болсон учраас хариуцлага гэдэг ойлголт алсарлаа. Аль нэг намын төрийн албан хаагч гэдэг ухагдахуун байх ёсгүй. Энэ бүхэн улам нарийсч энэ намын, тэр намын төрийн албан хаагч сүүлдээ тэр даргын, энэ даргын томилсон хүн гэдэг тогтолцоо руугаа гуйвчихлаа. Манай төр мэргэшсэн тогтвортой байх ёстой атал буруу тогтолцоо руугаа явчихсан. Системийн өөрчлөлт буюу Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүд болон иргэдийн зүгээс маш ихээр ярих болсон.
Нэг нам нөгөөгөөрөө солигдлоо гээд ард түмэн хүлээгээд байх гоё хүлээлт юу ч байхгүй. 2020 онд нөгөө нам яллаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Дэлхий нийт хөгжиж, юм бүхэн өөрчлөгдсөн, хиймэл оюун ухаан, шинэ хандлагын талаар ярьж байхад бид утаа, нүүрс, түгжрэлтэйгээ мөн авлигатайгаа зууралдаад байж байна. Өөрчлөлт хийж, оюун санааны шинэ дэвшил гаргахгүй бол болохгүй.
-Турк сургуулийн захирлыг хулгайлах оролдлого гарсан. Ингэхдээ Туркийн тусгай үүргийн онгоц ардчилсан улсад ирж ийм зүйл хийсэн нь буруу гэж байна. Энэ бүхнийг гардан хийсэн буруутан нь хэн бэ?
-1990 оноос хойших бидний хамгийн том ололт ардчилал, хүний эрх, эрх чөлөө бусад ардчилсан орнуудын хэмжээнд очсон. Магадгүй нийгэм, соёл урлаг, нийгэм, эдийн засгийн уруудал доройтол явагдсан гэж боддог. Бид оюун санааныхаа хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг ололтыг бий болгож чадсан юм.
Уг ололтын хамгийн наад захын хэмжүүр нь Монгол Улсаас ямар ч хүнийг хууль бусаар хулгайлж болохгүй. Гадуур яригдаад байгаа шиг манай төрийн зарим албан хаагчид Туркийн тусгай хүчинтэй нэгдсэн, эвссэн бол тухайн бүх албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой. Хуулийн байгууллага нь эцэслэх шаардлагатай. Засгийн газар оролцсон бол Засгийн газар огцорч хариуцлагаа хүлээ. Ерөнхийлөгч оролцсон бол Ерөнхийлөгч огцор л доо. Бид өнөөдөр ардчиллынхаа олж авсан ололтоос ухарч болохгүй гэдгийг хатуу ойлгох ёстой.
-Туркийн тусгай үүргийн онгоц манай улсад ямар ч зөвшөөрөлгүй бууна гэж байхгүй. Ямар хүмүүс оролцсон талаар мэдээлэл ирээгүй юу, гишүүдэд?
-Одоогоор ямар нэгэн мэдээлэл алга.