О.Баасанхүү: Хэнтийчүүд Н.ЭНХБАЯРЫГ сонгоно, тэнд ялна гээд хэн ХЭЛЧИХСЭН юм
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд намууд анхаарал хандуулаад эхэллээ. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлэх байх гэдгийг хэлчихсэн. Таны байр суурь арай өөр байх шиг байсан?
-1990 оноос өмнө МАХН гэдэг ганц намтай явж ирсэн. 1990 оноос хойш олон намын тогтолцоонд шилжиж, МАН, АН бусад гэсэн 27 нам Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байна. Өнгөрсөн 28 жилийн хугацааг эргэн харахаар “тэрний нам, энэний нам” гэсэн хувь хүний нам юм шиг хандлага бий болчихсон. МАХН МАН-аас салахдаа нэг хүний нам болж салаагүй. Бага хурлын 139 хүнээ сонгосон. 104 нь энэ намын дарга байхгүй юу. Намын дарга гэдэг чинь Бага хурал. Том зургаар нь авч үзвэл Их хурал биз дээ. Намын Бага хурлаас хөлсний гэрээгээр ажиллаж байгаа хүнийг намын дарга гээд байгаа юм. Намын дүрмийн хүрээнд нэр дэвших хүн нь Бага хуралд өргөдлөө өгөх ёстой. Хоёрдугаарт, Бага хуралдаа мөрийн хөтөлбөрөө танилцуулах үүрэгтэй. Нэр дэвших хүсэлтэй хүн нь гүйж харайгаад, 76 дугаараа аваад явж болно. Гэхдээ Бага хурал шийднэ. Энэ сарын 28 гэхэд нэр дэвших хүсэлтэй хүн нь Бага хуралдаа хүсэлтээ өг. Дараа нь Бага хурал хүсэлтийг нь хүлээж аваад дэвшүүлнэ. Хэн ч байсан намын дүрмийг дагах ёстой л доо.
-МАХН-ын дэд дарга С.Ганбаатар намынхаа даргыг дэвшүүлнэ гэчихсэн шүү дээ?
-С.Ганбаатарыг хэн дэд даргаар тавьсан юм. Тийм юм байхгүй. Нарийн яривал дэд дарга гэдэг ойлголтыг анх БНСУ-д Н.Энхбаяр даргыг байхад нь очоод “Нам хоёр дэд даргатай болбол яасан юм бэ” гэж хэлээд бий болгож байсан.
Манай Ганбаа чинь юм болгоны ард ашиг харж явдаг. МАХН-ын төлөө юу ч хийгээгүй. Намын төлөө ганц удаа өлсөж, жагсаж, хэвлэлийн хурал ч хийж үзээгүй хүн. Нам ялбал өрмийг нь авч идье л гэж яваа хүн. Тэр хүн юу дуртайгаа ярина биз. Ц.Оюунбаатар л дэд дарга. С.Ганбаатар бол дэд дарга биш шүү. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээрээ од болно гэвэл Н.Удвал байж болно. Энэ хүн нам хүнд үед гүйж харайж яваад сүүлд нь сайд болсон л доо. Гэтэл С.Ганбаатар эмэгтэй хүнээс долоон доор л байна гэж ойлго.
МАХН гэдэг ганц хүний нам гэдэг ойлголтыг өгөх гээд байгаа цаад санаа нь МАХН гэдэг дөрвөн үсгийг хувьдаа ашиглаж, үүгээрээ мөнхийн хаан болох гээд, өөрөөс нь өөр хүн улс төр хийж болохгүй гэсэн бусармаг зүйл яваад байгаа учраас Н.Энхбаяр даргыг би “Одоо боль” гээд байгаа юм. Түүнээс хувь хүн талаасаа тэр хүнийг үзэн ядаад байгаа юм биш. МАХН-д хүссэн ч, эс хүссэн ч парламентад ганц суудлыг нь авч ирсэн хүн би мөн үү. Мөн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг нь авч ирсэн хүний хувьд надад ярилцах эрх нь бий. Хэнтийн сонгогчдыг хүндэл л дээ. Зөв хүнийг нэр дэвшүүлэх болохоос сонголтгүй сонголт буюу өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгууль шиг юм хийх юм уу. Х.Баттулга дэвшээсэй, гараасай гэж хэн ч бодоогүй. Өөр хүн байгаасай л гэж бодсон. АН муу хүн гаргасан одоо муу л ажиллаж байна. М.Энхболдыг нэр дэвшээсэй гэж хэн ч бодоогүй. Муу хүн дэвшүүлсэн одоо түүнтэйгээ зууралдаад л явж байна шүү дээ. Манай нам ч гэсэн мэдлэгтэй, боловсролтой, эх оронч ядаж худлаа ярьдаггүй хүнийг яагаад нэр дэвшүүлж болдоггүй юм бэ. Би худалч хүнд дургүй. Ард түмэн ядуу байж болох ч төр барих хүн хариуцлагатай байх ёстой.
-42 дугаар тойрогт ямар хүн нэр дэвших ёстой юм бэ. МАХН гэж нэг нам байна уу, хоёр нам байна уу. Н.Энхбаяр намын дарга уу, та намын дарга уу?
-“Женко” Х.Баттулгаас л асуу.
-Яасан гэж асуух юм бэ. Танай намын дотоод асуудал биз дээ?
-Ерөнхийлөгч шүүх засаглалыг барьж байна. Ерөнхийлөгч болон Тамгын газрын дарга шүүх засаглалыг цэвэрлэх ёстой. Х.Нямбаатар гишүүн “Шүүхэд хахууль өгвөл шударга шийдвэр гардаг. Хахууль өгөхгүй бол шударга шийдвэр гардаггүй. Үнэтэй” гэж хэлсэн. Ийм зүйлийг болиул л даа. Миний санаж байгаагаар Х.Нямбаатар анхан шат, дээд шатны шүүхийн ханшийг нь тогтоогоо биз дээ. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар цусан төрлийн хамаатны ах дүүс. “Женко”-гийн хуурай дүү нар. Хуучин ийм л байсан. Одоо ч ийм л байна. “Женко” Ерөнхийлөгч болохоор нарийн мэдээлэлтэй байдаг биз. Х.Нямбаатар “Анхан шатны шүүх 50 мянган ам.доллар, давж заалдах нь 100 мянган ам.доллар, хяналтын шатны шүүх 200 мянган ам.долларын авлига авдаг” гэж хэлсэн шүү дээ. Хууль нь, зарчим нь манай талд байна. Намын тамгаа авъя гэхээр шүүх дээр гацаачихсан. Тиймээс би 200 мянган ам.долларгүй хүн юм байна гэж өөрийгөө бодож байгаа. Төлбөрөө төлсөн бол тэрбумыг хулгайлсан ч болно. Төлөөгүй бол гүтгүүлээд, гүтгүүлснээрээ шүүхэд дуудагдаад л явна. Хэнийг ч хамаагүй гүтгэдэг систем бий болчихсон. Тиймээс нам хариуцлагатай байх ёстой. МАХН хоёр нам болчихоод байгаа юм биш. Намын даргаасаа илүү шинэ дарга гараад ирсэнд асуудал байгаа юм.
-Та намын дарга юм уу, Н.Энхбаяр дарга намаа удирдаад байна уу?
-Би Их хурлаас шийдвэрээ шүүхээр тогтоолгох гээд явж байна. Шүүх хэрэв шийдсэн бол би намын дарга гээд явна. Шүүх шийдээгүй болохоор “Би мөн” гэж ярихгүй байгаа юм. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх ёстой.
МАХН миний өвөө, аавын байсан нам. Гурав дахь хүчин үүн дээр суурилах ёстой. Гурав дахь хүчин үзэл бодлоороо нэгдэх ёстой юм уу, нэг хүнд таалагдах ёстой юм уу. Би зарчим ярьж байна. Ногоон намын О.Бум-Ялагч нэг өдөр над руу яриад “Та муухай хүн юм аа. Нэг л өдөр Энхбаярын намыг булаалаа” гэхээр нь “Та юу яриад байгаа юм бэ. 30 жил та Ногоон намын дарга хийлээ. Одоо намын даргаа өгөөч” гэсэн юм. Монгол Улсын гурав дахь нам шүү дээ. 30 жил нэг хүн дарга хийж, ямар ч үр дүн гарсангүй. 30 жил УИХ-д хүн дэвшүүлээд гаргаж чадсангүй. Эвсээд ч нэмэр алга.
-60 тэрбумын асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-60 тэрбум муухай. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Гэхдээ 60 тэрбумыг хэрэгжүүлсэн хүмүүсийг нь ерөөсөө ярихгүй юм. Томилдог албан тушаалтай хүмүүс үүнийг хэрэгжүүлсэн гэж ойлгоод байгаа. 60 тэрбумтай тэмцье гэвэл томилдог хүмүүстэй нь тэмцэх ёстой биз дээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна гэдэг чинь 60 тэрбумын хүн орчихсон байна гэсэн үг. Тэр Б.Махбалыг Төрийн албаны зөвлөлөөс “Ажиллуулж болохгүй” гээд байхад нөхдүүд үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Хэрэв томилоогүй бол ийм асуудал болох уу. Энэ бүхэн бугшсаар хүний аминд хүрлээ.
60 тэрбум гээд байгаа хүмүүс УИХ-ын гишүүнээсээ больчих л доо. Томилж байгаа хүмүүсээ АТГ-т өгөөд шалгуул. С.Зоригийн хэрэг илэрнэ гэсэн яав. Анхнаас нь би Ц.Нямдоржийг балай амьтан гэдгийг нь хэлсэн биз. Хөгшин өвгөн болохоор нь балай гээд байгаа юм биш. 20 жил хуулийн системийг сүйрүүлсэн болохоор нь тэгж байгаа юм. Авлигыг чинь анх эхлүүлсэн. Мафи хуулийн хамгаалалтгүйгээр үүсдэггүй. Тэр хуулийн хамгаалалтуудыг нь бий болгосон хүн. Асуудлуудыг шийдэхгүй бол ард түмэн нэг л өдөр босно.
-Н.Энхбаяр дарга төрийн албанд шударга хүн байхгүй гээд мэдэгдчихсэн. Бүгд л хулгайч гэхчив үү яав. Тиймээс 42 дугаар тойрогт төрийн албанаас хүн нэр дэвших боломжгүй гэсэн, өчигдөр?
-Төрийн албан хаагчдыг доромжилж болохгүй. Би Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нэг төрийн албан хаагчийг нэр дэвшээч гэсэн юм. Улаанбаатар хотын ерөнхий архитектороор ажиллаж байсан мундаг мэдлэг, боловсролтой хүн л дээ. Төрд хэрэгтэй хүн. Тэр хүн “Хууль нь байгаа бол болохгүй зүйл байхгүй” гэсэн. Даанч төрийн албан хаагч гээд дэвшүүлэхгүй маягтай байна. Уг нь ийм л хүмүүс дэвших ёстой. Хэнтийчүүд Н.Энхбаярыг сонгоно, тэнд ялна гээд хэн хэлчихсэн юм. Сонгууль хойшлох талаар яриа гараад эхэллээ. Би хойшлоосой гэж хүсэхгүй байна. МАХН хүчтэй байх ёстой юу, МАХН хүчгүй лидертэй байх ёстой юу.
-Н.Энхбаяр даргыгаа та хүчгүй лидер гэчихэж байгаа юм уу. Нэгэн цагт Монголын хаан байлаа гээд ярьдаг шүү дээ?
-Тэгээд хүчтэй гэх юм уу. Н.Энхбаяр дарга 1996-2000 онд улс төрийн намыг маш зөв гаргаж ирсэн. Тухайн үедээ ялагдсан намыг ялуулсан. 2000-2009 онд төрд жинхэнэ утгаараа ажилласан. Төрийн тэргүүнээсээ буухад нь бүх хүн үзэн ядсан. Тэр үед бид нийлээд “Хулгай хийхгүй байх, ойлгосон байх. Ганц хүнийг хэлмэгдүүлнэ гэж юу байсан юм” гээд хүрээлсэн. 2012 онд парламентад төлөөлөлтэй болсон. Дөрвөн жил солонгосоос, шоронгоос биднийг удирдсан нь үнэн. Энэ хүн Монголын хаан байсан учраас өнөөдөр мөнгө, хуулийн сүлжээ нь байгаа. Би хүнтэй биш, системтэй тэмцэж байна. Би даргын хүүтэй ах дүү шиг, эхнэртэй нь хүүхэд шиг нь байдаг. Даргатайгаа маргааш ч гэсэн кофе ууж болно. Гол нь зарчим байх ёстой. Н.Энхбаяр дарга нэр дэвшээд юу ч хийхгүй байхгүй юу. Цаг л алдана.
-Хэнтийд тэгээд хэний нэрийг дэвшүүлнэ гээд байгаа юм бэ, та?
-Одоо яригдаад байгаа хүнээс л хамаагүй дээр хүн. Би Хэнтий аймагт судалгаа явуулж үзсэн. У.Хүрэлсүх, Н.Энхбаяр, Хэнтийн Засаг дарга байсан Ж.Оюунбаатар, Хасу Мегаваттын захирал Ж.Түмэн-Аюуш гээд олон хүний нэрсийг багтаасан судалгаа хийсэн. Судалгааг Ж.Түмэн-Аюуш тэргүүлсэн. Гэхдээ энэ хүнийг нэр дэвшүүлнэ гэж байгаа юм биш. Би уулзаагүй. Рейтинг өндөр байсан болохоор нэрийг нь оруулсан юм. Хэнтий аймаг гоё болог л дээ. Хулгайч хүн гэхдээ гоё болгохгүй. Хулгайч хулгайчаа бариарай гэхээр бөөлжис цутгаад байдаг юм.
-АН-ын бүлгийн зүгээс Засгийн газар огцрох ёстой гээд шаардчихсан. Таны байр суурь ямар байгаа вэ?
-АН-ынхан худлаа. МАН хоёр хуваагдсан бол АН тав хуваагдсан. Ерөнхийлөгч Ж.Батзанданг дуудаад загнасан байх. Миний хүндэлж явдаг Х.Баттулга ахын тоглолт харагдаж байна. Ж.Батзандан “Засгийн газар огцор” гэсэн. Өглөө нь “Ц.Нямдорж л зайл. Бусад нь байж бай” гэдэг хошин шогийг хараад үнэндээ залхаж байна.
-Өөрөөсөө бусдыг үл хүндэтгэх маягтай л яриад байх шиг. Манайхан төрд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл дутаад байна гэх юм?
-Төрийн бодлого мэдлэг, туршлага дээр суурилж явдаг болохоос зөвхөн сэтгэл дээр суурилдаггүй. Найман жил би Их хуралд сууж байна. Туршлага, мэдлэг аль аль нь бий болсон тул дараагийн алхамаа хийх гээд байгаа юм. Дараагийн алхам нь энэ намыг шинэчлэн авч явах. Үүнийг манай намын Бага хурлын гишүүд ойлгосон юм. Ард түмэн өөр болсон. Энэ хүмүүс эв нэгдэлтэй байна уу, нам нь бодлоготой байна уу, төрөөр тоглох гээд байна уу гэдгийг нь харж байгаа.