Ч.Улаан: Ерөнхий сайд миний саналыг сайхан хүлээж авсан
-Та Ерөнхий сайдтай уулзаж, хүсэлт гардуулсан гэсэн. Юун тухай хүсэлт уламжилснаа тодруулахгүй юу?
-Сүхбаатар аймгийнхаа ард иргэдийн санал бодлыг уламжилсан юм. 650 гаруй иргэн санал бодлоо илэрхийлсэн хүсэлтээ УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад дамжуулж өгөөч гэсэн саналыг надад тавьсан. Энэ хүсэлтийг дамжууллаа. Монголын байгаль орчин сүйдэж, ашигт малтмалын хайгуул олборлолтын ажил туйлын замбараагүй байна. Нэгдүгээрт, орд газрыг ашиглах шийдвэрийг гаргахдаа нутгийн иргэдийн санал дээр тулгуурлаж шийдэх ба эрхзүйн зохицуулалтыг бий болгож өгөөч гэсэн хүсэлтийг уламжиллаа. Хоёрдугаарт, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт ураны хайгуул хийхийг зогсоож, лицензийг нь цэгцэлж өгөөч гэлээ.
Манай улсад 52 ураны лиценз байдаг юм байна.
Өнөөдрийн хувьд Монгол Улсад уран ашиглах зайлшгүй шаардлага байхгүй. Уран өөрөө онцгой түүхий эд. Гуравдугаарт, ашигт малтмалын лицензийг цэгцэлж, дамлан худалддаг явдлыг зогсоож, анх авсан эзнээс нь худалдагдсан бүх лицензийг хүчингүй болгооч гэсэн хүсэлт тавилаа. Түүнчлэн уул уурхайн үр өгөөж орон нутагт хүрдэггүй. Уг нь ашигт малтмалын орлогын 20 хувь нь аймагт, арав нь сумандаа үлдэх хуультай боловч аймаг нь хурааж төсөвт суулгасан гэдэг. Тиймээс энэ орлогыг захиран зарцуулах эрхийг нь сумын ИТХ-д өгөх асуудлыг тавьсан. Мөн аймаг, сум болгонд уурхай ухдагийг зогсоож өгөөч гэлээ.
-Ерөнхий сайд хүсэлтийг тань хэрхэнхүлээжавсанбэ. Дандаа боломжгүй асуудлууд шиг санагдлаа?
-Сайн ойлгож, хүлээж авсан. Олон газраас ийм санал ирдэг юм байна. Энэ талаар зориуд анхаарч, шийдвэр гаргана гэдгээ илэрхийлсэн. Нутгийн иргэд ч баярлах байх. Төр засгийнхаа шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө би идэвхтэй хамтран ажиллах болно.
-Та намын даргаа илэн далангүй шүүмжилдэггишүүдийн нэг. Энэ уулзалтаар бас шүүмжлэв үү?
-Бидний хөнддөг сэдэв бол энэ намын хувь заяа. Аль ч улс төрийн хүчин сонгуульд ялалт байгуулахыг зорьдог. Энэ сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хэрхэн хүлээх талаар баримталж байгаа байр сууриа илэрхийлсэн. Ялалт байгуулах ёстой гэдэгтэй яах аргагүй санал нийлнэ шүү дээ. Ингэхдээ ард иргэдийн дэмжлэгийг хүлээсэн, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх,шуурхай үр дүнтэй ажиллах талаар тавьж байгаа саналыг минь намын дарга дэмжсэн. Миний хувьд байгаа боломжоо ашиглаж чаддаггүй, удаан байна.арга эвээ олохгүй, их ярьж, бодит ажил нь ард иргэдэд мэдрэгдэхгүй байна гэдэг шүүмжлэл тавьдаг л даа. Энэ шүүмжлэлийг маань харин их сайн ойлгож хүлээж авсанд би баяртай байгаа.