А.Ундраа: Таван толгойд IPO хийгдэнэ гэдэгт тийм ч итгэлтэй биш байна
УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.
-Монгол түмний үндэсний их баяр наадам болж өнгөрлөө. Та сайхан наадав уу?
-Сайхан наадлаа.
-Хаврын чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Таван толгой болон уул уурхайн салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зорилтуудтайгаа уямаар байгаа юм. Учир нь уул уурхайн салбарын хөгжил нь цаашдын хөгжлийн түлхүүр, суурь нь болж өгөх ёстой. Дангаар нь уул уурхайг хөгжүүлэх гэхээсээ илүү өнөөдөр орж ирж байгаа ашигт малтмал, эрдэс баялгийн орлогоос ирээдүйн хөгжлийн суурийг тавьж байх хэрэгтэй. Ингэж байгаа тохиолдолд төслүүдийг хөдөлгөх нь зүйтэй гэж харж байгаа. Тэр үүднээсээ Таван толгой төслийг урагшлуулах, ахиулах, хөрөнгийн бирж дээр арилжаалах нь улс орны хөгжилд чухал гэж үзэн дэмжиж байгаа. Мөн Засгийн газарт ажиллах боломжийг нь олгох нь зүйтэй гэж үзэж байгаа учир Таван толгойг хөдөлгөхийн дэмжиж байгаа юм. Гэхдээ IPO хийхдээ үнэлгээг яаж хийх, аль хөрөнгийн биржийг сонгох, байгаль орчин болон дэд бүтцийг хэрхэн шийдэх гэх мэт маш олон асуудалд хариултаа аваагүй байгаа. Тэгэхээр IPO хийгдэнэ гэдэгт тийм ч итгэлтэй биш байна.
-Дээрх тогтоолын төслийг хэлэлцэж байх үед “Эрдэнэс Монгол” компанийн 34-өөс доошгүй хувийг ард иргэдэд эзэмшүүлэх санал сөрөг хүчнээс орж ирсэн. Энэ нь стратегийн ордуудыг нэг, нэгээр хэлэлцдэг гэх Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж байгаа талаар та хэлж байсан. Энэ тухайд?
-“Эрдэнэс Монгол” бол өөрөө маш том компани. Монголын олон стратегийн орд “Эрдэнэс Монгол”-ын охин компанийн эзэмшилд байгаа. Тийм болохоор стратегийн ордуудыг нэг, нэгээр нь авч үзэх нь зүйтэй. Угаасаа Ашигт малтмалын хуулийн дагуу нэг, нэгээр авч үзэх ёстой. Орд болгоны нөхцөл байдал өөр, өөр шүү дээ. Тийм байхад бүгдэнд нь нэг хэлбэрээр явах нь зохимжгүй. Тухайн ордын эзэмшил анхнаасаа ямар маягаар явж байгааг харах нь зүйтэй. Таван толгой, Оюу толгой гэхэд л ондоо хэлбэрээр явж байна. Уул уурхайн төслийнхөө хувьд ч үе шат нь ондоо байгаа. Заримынх нь насжилт талаасаа өнгөрчихсөн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн л гэхэд насжилт нь талаасаа өнгөрчихсөн. “Багануур” л гэхэд үр ашиг гэхээсээ илүү Улаанбаатар хотын цахилгаан, дулааны эх үүсвэрийг өгдөг.
Ашиг олох гэхээсээ илүү хотыг хөлдөөхгүй, цахилгаантай байлгах нь л чухал. Энэ мэтчилэн нөхцөл байдал ондоо байгаа учир “Эрдэнэс Монгол”-ыг бүгдийг нь нэг аргаар, бөөнд нь авч үзэж байгаа нь туйлын зохимжгүй гэж үзсэн.
-Сөрөг хүчний зүгээс “Эрдэнэс Монгол” компанийн 34-өөс доошгүй хувийг ард иргэдэд эзэмшүүлж байгаа нь хяналтын багцыг бий болгож байгаа хэрэг гэж тайлбарлаад байсан л даа...
-Ямар ч байсан энэ асуудалд ямар улс төрийн хүчин байхаас үл хамаарч хөнгөн, хуумгай хандаж болохгүй. Хариуцлагатай хандах ёстой.
-Та НҮБ-ын “HeForShe” хөдөлгөөнийг Монголдоо эхлүүлээд байгаа. Энэхүү хөдөлгөөнийхөө талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Үндэсний их баяр наадмын өмнөхөн буюу энэ сарын 8-ны өдөр Төрийн ордоны Их танхимд НҮБ-ийн “HeForShe” хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. “HeForShe” хөдөлгөөн нь товчхондоо хүчирхийллийн эсрэг, амар тайван байдлын төлөө, мөн бизнес, их дээд сургууль гээд өргөн хүрээнд өрнөх, хандлагаа өөрчлөх тухай нөлөөллийн аян юм. Уг хөдөлгөөнийг анх 2014 онд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сайн санааны элч Их Британийн нэрт жүжигчин Эмма Ватсон эхлүүлсэн. Тэрээр жендерийн эрх тэгш байдал дэлхий нийтийн хөгжил дэвшилд чухал талаар илтгэлээ тавьж, жендерийн тэгш эрх бүхий нийгмийн төлөө эвлэлдэн нэгдэхийг эрэгтэйчүүдэд, хөвгүүдэд уриалснаар уг хөдөлгөөн эхэлсэн. Дэлхий нийтэд даруй 50 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн уг аяныг анхлан санаачлан эхлүүлсэн Элизабет Няамаяаро хэмээх Зимбабве улсын иргэн одоогоор ерөнхий зохицуулагчаар нь ажилладаг. Тэрээр манай улсад болсон нээлийн үйл ажиллагаан дээр хүрэлцэн ирсэн. Мөн УИХ-ын гишүүн, Байгаль орчин Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, гарааны бизнесийн залуусын төлөөлөл Д.Хулан нар нээлтэд оролцсон.
Өнөөдөр нийгэмд шударга ёсны хүсэмжлэл асар өндөр байна. Баян ядуугийн ялгаа, орлогын тэгш бус байдал нэмэгдэхийн хэрээр хүмүүс бухимдаж байна. Цаг наргүй хөдөлмөрлөж, ажиллаж, өглөөнөөс орой хүртэл зүтгэж байгаа хэрнээ олсон орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй байх нь олонтаа. Гэнэтийн их зардал, тухайлбал эм эмчилгээний тооцоолоогүй зардал гарахад хүндээр тусаж, цөхрөх ч хүмүүс их байна. Гэтэл шударга бусаар тендер авах, хөнгөлөлттэй зээл авах, давуу байдал эрх мэдлээ ашиглах зэргээр амар хялбар аргаар магадгүй хууль бусаар хөлжиж, хөрөнгөжиж байгааг хараад сууна гэдэг амаргүй. Шударга бус байдалд бухимдах нь ойлгомжтой. Хүмүүс тэгш эрх, боломжийг хүсч байна. Жендерийн асуудал ч мөн л адил. Яагаад хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж байна вэ. Яагаад хохирогч хууль хяналтын байгууллагад хандахаас, өмгөөлөл хамгаалал эрэхээс эмээж байна вэ. Яагаад ихэнхи цагаа өнгөрөөдөг ажлын байран дээрээ бэлгийн дарамтанд өртөж, дарамтлуулсан хохирсон хэрнээ чимээгүй сууж байна вэ гэх мэт маш олон асуултууд хариултгүй хэвээр байна. Хүмүүс шударга ёс тэгш эрхийг дотроо маш чангаар хүсэмжилж байна. Энэ нь ч “HeForShe” хөдөлгөөний нээлтэд оролцохоор олноороо бүртгүүлсэн иргэдээс харагдаж байсан.
-Уг хөдөлгөөн Монгол Улсад хэрэгжснээр ямар үр дүнг бий болгох вэ?
-Төр хувийн хэвшлийн байгууллагууд, Их, дээд сургуулиуд дотроо ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг мөрдөх амлалтыг сайн дураараа өгдөг дэлхий нийтийн жишиг байдаг. Жишээлбэл, аливаа компанийн хувьд ижил ажил үүрэг гүйцэтгэж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын цалингийн зөрүүтэй байдлыг арилгах, ажлын байрны бэлгийн дарамтыг тэвчихгүй байх, тийм зөрчил гарсан тохиолдолд мэдээллэх, ombudsman гэж нэрлэгдэх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэр хүндтэй ёс зүйтэй хүнийг томилох, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажил карьерээ үргэлжлүүлэх боломжоор хангах гэх мэт. Их, дээд сургуулиудын тухайд аливаа дарамтгүй хичээлийн орчныг бий болгох, ёс зүй этикийн өндөр хэм хэмжээнд сайн дураараа нэгдэх, “HeForShe”-ийн албан ёсны хуудсаар орж нэгдэж буйгаа илэрхийлж хандлагын өөрчлөлтийг олон нийтээрээ дэмжих зэрэг нь нэн тэргүүний алхмууд юм.
"Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Н.Бадамсүрэнгийн санаачилгаар Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн Үндэсний анхдугаар чуулган анх удаа Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан. Эрдэнэт, Оюу толгой, Багануур зэрэг Монголын өнцөг булан бүрээс уул уурхайн салбарын эмэгтэйчүүд хуран чуулсан. Уул уурхай өөрөө маш хүнд салбар. Ажлын аюулгүй байдал, мөн ар гэрийн ачаалал зэрэг нь зохицуулахад тун амаргүй. "Эрдэнэт" үйлдвэрийн зүгээс балчир насны хүүхэдтэй эмэгтэйчүүддээ цалинтай чөлөө өгөх зэрэг хэд хэдэн амлалт өгсөн байгаа нь яг л бидний “HeForShe” хөдөлгөөний агуулгатай нийцэж байсан тул Н.Бадамсүрэн захирлыг манлайлагчаар нэрлэсэн. Нээлтийн үйл ажиллагаан дээр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга хүрэлцэн ирж дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм мөн л манлайлж оролцсон. МУИС-ийн багш Д.Бадамдаш зэрэг академик олон манлайлагчийг нэрлэж болно. Их, дээд сургуулиуд маань нийгмийн оюун санааны хөтөч гэдэг нь харагдаж байна. Олон оюутнууд сайн дураараа ажиллаж маш идэвхтэй оролцлоо. Энэ бол сайн эхлэл гэж харж байна.
-Томоохон байгууллагууд хамтран хүчирхийллийн талаарх судалгаа гаргажээ. Монголд ямар төрлийн хүчирхийлэл давамгайлж байна вэ?
-Тун саяхан Үндэсний Статистикийн хороо, НҮБ-ийн Хүн амын сан хамтран Австрали улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Хүчирхийллийн нүцгэн үнэн” хэмээх тайлан судалгааг гаргасан байна. Анх удаа орон даяар хийгдсэн энэ судалгаа манай нийгэмд хүчирхийлэл ямар нийтлэг, хүнд байгааг харуулсан. Бэлгийн, биеийн, сэтгэл зүйн мөн эдийн засгийн маш олон хэлбэрийн хүчирхийлэлд монголчууд өртөж байна. Гурван эмэгтэй хүн тутмын нэг нь ойр дотныхоо хэн хэгний дарамтад өртөж, хохирогч болсон гэсэн тоо баримт байна. Эдгээрээс тун цөөхөн нь л хуулийн байгууллагад ханджээ. Хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн 59 хувь нь ажил орлогогүй, ял шийтгэл эдэлсэн байна. Мөн 90 гаруй хувь нь боловсролын түвшин маш бага байна. Эндээс үзвэл хүчирхийллийг ажилгүйдэл, эдийн засаг, боловсролтой холбож дүгнэж болохоор харагдаж байгаа юм.
Түүнчлэн их, дээд сургуулиудад суралцаж байгаа 100 эмэгтэй оюутан тутамд 72 эрэгтэй оюутан ногдож байна. Монгол эрэгтэйчүүд, хөвгүүдийн боловсролын асуудал тэр хэрээр хоцрогдож байгаа хэрэг юм. Энэ нь “HeForShe” хөдөлгөөний хүрээнд онцгойлон авч үзэх, гарц шийдэл эрэлхийлэх асуудал яриангүй мөн. Эдгээр ажлууд маань НҮБ-ын тогтвортой хөгжлийн тавдугаар зорилт болон зохистой хөдөлмөр эрхлэлтийн наймдугаар зорилтуудтай шууд уялдаж байгаа юм.
-Та УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хорооны даргаар ажилладаг. Дэд хорооныхоо ойрын үед төлөвлөж буй ажлаасаа хуваалцаач?
-Ирэх есдүгээр сарын эхээр Ази Номхон далайн улс орнуудын Тогтвортой хөгжлийн зорилтын тайлан мэдээллийг харьцуулах хурал Улаанбаатар хотноо зохион байгуулна. Мөн Монгол Улс мань 2019 онд анх удаа өндөр түвшний сайн дурын илтгэлээ НҮБ-ын индэр дээрээс бэлтгэн танилцуулах юм. Өнөөдөр төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах, төсвийн зарцуулалтын оновчтой байдлыг сайжруулахад анхаарах шаардлага бий. Иймд энэ чиглэлийг барин авч ажиллана хэмээн төлөвлөж байна.