Малчин заяатай төрийн түшээ
Юун хүн бэ?
Товчхон намтар гэвэл сайн хүмүүжсэн, онц сурсан. Гадаадад сурах урилгууд авсан ч Монголдоо цахилгааны мэргэжил эзэмшиж олон суурин газрыг гэрэл цахилгаантай болгож 24 насандаа монтероос шууд инженер болсон. Нийгэм өөрчлөгдөхөд бизнесийн мөр хөөснөөр залуу насныхаа хүч, ур ухааныг энэ чиглэлд зориулжээ. Түүнийг үндсэндээ “мундаг бизнесмэн” гэж тодорхойлж болно. Улс төрөөс тэр санаатайгаар олон жил зугтааж явсан.
Харин улс төрд ороод цөөхөн жил болсон бөгөөд төрийн түшээ болоод бүр ч удаагүй. Гэхдээ түүнийг туршлагагүй улс төрч гэж хэлж болохгүй.
УИХ-ын 76 дундаа л ажилч шоргоолжнуудын нэг.
Засгийн газар хөдөө аж ахуйг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр зарласан. Энэхүү чухал салбарын бодлогыг боловсруулах парламентын “гал тогоо” болсон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хороог тэр толгойлж байна.
Саарал Ордонд ажиллаад хоёрхон жил болж байгаа ч парламентад байнгын хорооны ажлыг түүртэлгүй амжилттай авч явна. Л.Элдэв-Очир бол бараг оюутны ширээнээс цүнхээ бариад улс төрд орсон хүмүүсээс ялгаатай нь улс орны эдийн засагт юу хэрэгтэй байгааг хэнээс ч дутахгүй гадарлана. 2016 онд УИХ-д сонгогдох хүртлээ Ми Си Эс Групп, Спирт бал бурам ХК, Зүүн Хараа Трэйд ХК зэрэг Монголын нэр хүндтэй компаниудын гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгчөөр 24 жил ажилласан нь түүнд асар их туршлагыг өгчээ.
Юу хийсэн хүн бэ?
Тэгвэл Л.Элдэв-Очир УИХ-ын гишүүн болоод, Байнгын хороо толгойлоод юу хийсэн юм бэ гэж уншигч асууж магад. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хурал дээр хөдөө аж ахуйтай холбоотой үг хэлж байх нь олонтаа харагддаг.
Ямартаа ч энэ хүнийг БОХХААБХ-ны даргаар ажиллах хугацаанд Монголын хөдөө аж ахуйд суурь ач холбогдогдолтой хоёр цоо шинэ хууль батлагдсан нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хууль юм.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуультай болсоноор малын эрүүл мэндийн асуудал төрийн хяналтанд бүрэн орж мал эрүүлжүүлэх ажил үр дүнтэй, найдвартай, ил тод болох юм. Ингэснээр мал аж ахуйн бүтээгдэхүүн, ялангуяа монгол махны экспортыг өсгөх баталгаатай үндэс бий болно. Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр малыг эмх замбараагүй эрлийзжүүлдэг, мал үржүүлгийн бүтээгдэхүүн дураараа импортолдог одоогийн байдлыг хална. Үүний үр дүнд 14 их наяд төгрөгийн хөрөнгө эргэлдэж буй мал аж ахуйн салбарт малын үүлдэрлэг байдлыг батжуулан сайжруулах, чанарыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Түүний дараагийн учраа бол Бэлчээрийн тухай хууль.
Эдүгээ 70 орчим хувь нь доройтоод буй бэлчээрийг хуультай болгох их ажлыг БОХХААБХ Засгийн газартай хамтран эхлүүлж ирэх намрын чуулганы хуралдаанаар Бэлчээрийн тухай хуулийн төслийг батлуулахыг зорин ажиллаж байна. Эдгээр хууль нь үндсэндээ монгол малын эдийн засгийн үр ашгийг өсгөх, малчдын амжиргааг дээшлүүлэх зорилготой юм.
Л.Элдэв-Очирын төрийн түшээ хүний хувьд баримталдаг гол зарчмуудын нэг нь мал аж ахуй бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа, даяаршлын ертөнцөд улс орноо ондоошуулах үндэс гэж үздэг явдал. Түүнчлэн, малчдын амьдрах орчныг хэрхэн сайжруулах арга замыг хайж, тэдний нийгмийн хамгаалалд чиглэсэн хууль, тогтоолын төсөл дээр идэвхитэй ажилладаг. Энэ ч утгаараа Л.Элдэв-Очир мал аж ахуйг яаж хөгжүүлэхийг марксизм, либерализмын алинаар нь ч заалгахгүй.
Олон жил удирдах ажил хийснээр хүнийг таньж чаддаг онцгой чанар энэ хүнд төлөвшжээ. Харин Л.Элдэв-Очир УИХ-ын гишүүн болсоноор сонгогчид хийгээд төр засаг хүнээ таньжээ гэж хэлж болох юм.
Сэтгүүлч
Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn