2018.07.10

Ээлжит бус чуулганыг хуралдуулж, 60 тэрбумын асуудлыг хэлэлцэхээр 25 гишүүн гарын үсэг зуржээ

Өнөөдөр /2018.07.10/ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 25 гишүүний гарын үсэгтэй ээлжит бус чуулган хуралдуулах албан бичгийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Тэрээр 6 сарын 28-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдтой холбоотой 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах бичиг өргөн барьсан ч Хууль зүйн байнгын хорооноос одоог хүртэл хариу өгөөгүй байна. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 14-р зүйлийн 16.2-т заасны дагуу 25 УИХ-ын гишүүний гарын үсэгтэй ээлжит бус чуулганыг хуралдуулах албан бичгийг өгөхөөр болж байгаагаа онцоллоо. Ээлжит бус чуулганаар 60 тэрбумын асуудал болон Эрдэнэт, Хадгаламж банк зэрэг авилгын асуудлуудаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Тэрээр:

"Өмнө нь бид 6 сарын 28-ны өдөр Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуулийн дагуу 19 гишүүн УИХ-ын даргад бичиг өргөн барьсан. Гэвч Хууль зүйн байнгын хороон дээр цогхогдож очсон гэдэг байдлаар бүдгэрч байна. 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсголыг заавал хийх хуулийн зохицуулалттай байдаг. АТГ болон бусад байгууллагын хувьд томилогдсон хүнээ хамгаалж байгаа хүнээ хамгаалж байгаа нь тодорхой болж байгаа. Харамсалтай нь ард түмнээс сонгогдож байгуулагдсан УИХ-ын субъект болох Хууль зүйн байнгын хороо хүртэл шударга үнэний өмнө дуу хоолой нь бүдгэрч байна. Би Хууль зүйн байнгын хороонд баяр наадмын өдөр хүртэл хүлээнэ гэдгээ хэлсэн. Өнөөдөр 11 цаг хүртэл хүлээсэн боловч хариу ирсэнгүй. Тиймээс арга буюу УИХ-ын тухай хуулийн 14-р зүйлийн 16.2-т заасны дагуу 25 УИХ-ын гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж УИХ-ын даргад өгөх гэж байна.

60 тэрбумын эсрэг тодотголтой мөн Эрдэнэт болон Хадгаламж банктай холбоотой авилгын эсрэг гэмт хэрэг зэрэг замхарсан энэ бүх асуудлыг УИХ сонсох нь зүйтэй гэж үзэж байна. Үүн дээр АТГ-ын дарга Х.Энхжаргал мэдээлэл хийх учиртай. Хуулийн дагуу жилд нэг удаа тайлбараа өгөх ёстой.

Х.Энхжаргал даргыг авилгын хэргийг санаатайгаар нуун дарагдуулж байна гэж үзэж байна.

1 жилийн хугацаанд үр дүн огт гарсангүй. Хэрвээ 60 тэрбумтай холбоотой болон бусад авилгын хэрэг дээр ийм байдалтай явах юм бол нэгэнтээ шударга ёсны хүсэмжлэл 85 хувиас дээш гарсан байгаа тохиолдолд энэ ажлыг үргэлжлүүлэн хийх ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна.

Энэ зүйлээ хаалттай биш нээлттэй чуулганаар ард түмний өмнө тайлбарлах нь зүйтэй юм. УИХ-ын тухай хуулинд нийт гишүүдийн гуравны нэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эрх зүйн баримт бичигтэй. 14 хоногийн дотор зарлан хуралдуулах учиртай. Тиймээс наадмын дараа УИХ-ын ээлжит бус чуулган АТГ-ын дарга Х.Энхжаргалын нээлттэй сонсголоор эхлэх эрх зүйн баримт бичиг өгж байна" гэсэн юм.