2018.07.09
26 МНБ аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламж гардлаа
2018 оны 7 дугаар сарын 4-ний Мэргэжлийн эрхийн хяналтын дэд хорооны хурлын шийдвэрээр 26 мэргэшсэн нягтлан бодогч “Аудитор” цол хүртсэн. Эдгээр аудиторууд өнөөдөр Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламжаа ММНБИ-ийн дэд ерөнхийлөгч Ц.Жигдэн, гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан, дэд захирал Л.Батцэнгэл нараас гардан авлаа.
Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчид өөрийн сонирхлоороо цааш суралцаж, аудиторын сургалтад сууж, шалгалтад тэнцэж, тусгай шаардлагуудыг хангаснаар “Аудитор” болж, энэ чиглэлээр ажиллах боломж бүрддэг. Өнөөдөр батламжаа гардсан 26-тай нийлээд улсын хэмжээнд 963 аудитортой боллоо. Аудиторын батламж авч байгаа мэргэшсэн нягтлан бодогчдод ММНБИ-ийн удирдлагууд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
PWC Аудит ХХК-ийн ажилтан Ч.Оюунгоо: “Маш их баяртай байна. Өөрийнхөө карьерийн түвшинд, байгууллагынхаа хэмжээнд бас нэг амжилт гаргалаа гэж бодож байна. Цаашдаа аудитын чиглэлээр тууштай ажиллаж, МУ-ын хэмжээнд чанарыг дээшлүүлэхэд анхаарч, улс орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж ажиллана.”
Макс группын Дотоод аудитын албаны дарга Н.Оюунтуяа: “Мэргэжлээ дээшлүүлж аудитор болсон мөчөө та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Аудитор гэдэг бол МНБ-дын хувьд дээд оргил гэж ойлгож, тэр хэмжээгээр надад маш том үүрэг хариуцлага ирж байна. Аудитор хүний хувьд ёс зүйтэй, шударга байж, өөрийнхөө мэдлэг ур чадварыг бүх зүйлд зориулна. Миний хувьд дотоод аудитын чиглэлээр 6 жилийн туршлагатай. Иймээс дотоод аудитыг хөгжүүлэх зорилго өвөрлөж явдаг.”
Сүхбаатар дүүргийн Хяналт шалгалт дотоод аудитын газрын дарга Ч.Баасанжав: “Би өөрөө залуу хүний мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, улс орондоо ихийг бүтээе гэж бодож аудитор болсон. Бидний мэргэжил маш үнэ цэнэтэй мэргэжил.”