Агаарын харилцааны үе шаттай либералчлалын бодлогыг хэрэгжүүлэнэ
2018.06.19

Агаарын харилцааны үе шаттай либералчлалын бодлогыг хэрэгжүүлэнэ

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор зээлийн хөрөнгөөр баригдсан нисэх буудлын ашиглалтыг сайжруулахын тулд агаарын харилцааг либералчлах шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын Засгийн газрын хүлээх үүрэг юм.
Агаарын харилцааны үе шаттай либералчлалын бодлогыг хэрэгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг тэлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн үнэ, тарифыг бууруулахад чиглэсэн бодлогын шийдвэр гарган хэрэгжүүлэх зорилгоор дээрх бодлогод өөрчлөлт оруулах тогтоолын төслийг боловсруулжээ.
“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 3.8, 3.9 дэх заалтыг “Агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх зарчмаар олон улсын нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээврийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтлах”, “Гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд үндэсний компанийн өрсөлдөх чадварыг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх бодлого баримтлах”-аар өөрчлөн найруулахаар тусгасан байна.