Генетик нөөцийн тухай хуулийн төслийг салбарын эрдэмтэд дэмжлээ
Генетик нөөцийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан БОАЖЯ, МУИС, НҮБ-аас хамтран онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэ хурал нь генетик нөөц,түүнэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаар үр шим, ашгийг тэгш хүртээх тухай Монгол улсын нэгдэн орсон Нагояагийн Протоколыг хэрэгжүүлэх зорилготой юм.
Хуулийн төсөл хэрэгжсэнээр манай улсын генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг дэлхий нийт ашиглахын тулд бидэнд урьдчилан мэдэгдэж, харилцан үр ашиг хуваах болон шинэ хүнс, эм, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг гаргах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр генетик нөөцөөс гарах мөнгөн ба мөнгөн бус үр шим, ашгийг тухайн генетик нөөцийг хамгаалж, нөхөн сэргээж буй нутгийн иргэдэд хүртээснээр эдийн засгийн хөгжил болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой. Тиймээс энэхүү хууль нь манай улсад зайлшгүй байх шаардлагатай хэмээн үзэж эрдэмтэн, судлаачид сайшаан хүлээн авч байгаа юм.
Хурлыг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үг хэлсэн.Тэрбээр генетик нөөцийн хайгуул судалгааны үр дүнд биотехнологи дамжуулалт өсөн нэмэгдэж, улмаар үндэсний боловсон хүчний судалгаа шинжилгээний болон инновацийн чадавхи нэмэгдэж, генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг эзэмшигч болон хэрэглэгчдийн хооронд эрх тэгш, шударга харилцаа төлөвших боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.
Онол- Практикийн бага хуралд НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Биата Транкман болон биологи, микробиологи, биохими, биотехнологийн салбарын судлаачид, мэргэжилтнүүд, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон. Хуралдаанаар Нагояагийн протоколын хэрэгжилтэд биологийн шинжлэх ухаан, биотехнологийн гүйцэтгэх үүрэг, хөгжлийн өнөөгийн байдал, Монгол орны хэмжээнд бичил биетэн, ургамал болон амьтны генетик нөөц ашиглалттай холбоотойгоор нэн тэргүүнд хийгдэх шаардлагатай судалгааны чиг хандлагыг тодорхойлох зэрэг асуудлаар хэлэлцэж, нэгдсэн санал, зөвлөмж боловсрууллаа.