“Парламентын хяналт: хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
2018.06.06

“Парламентын хяналт: хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Парламентын хяналт: хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2018.06.06/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриела Спирли болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагууд, хуулийн салбарын эрдэмтэн судлаачид, багш, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцов. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хурлын эхэнд Швейцарийн хөгжлийн агентлаг сүүлийн жилүүдэд УИХ-ын Тамгын газрын чадавхийг дээшлүүлэх, парламентын хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг боловсронгуй болгох асуудалд анхаарлаа хандуулж, хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, нийгмийн зүгээс өнгөрсөн хугацаанд парламент хууль тогтоох ажлаа хангалттай гүйцэтгэж байгаа ч хуулийн хэрэгжилтэд тавих хяналт сул байгааг шүүмжилдэг гэдгийг онцолж байлаа.  


Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ,  Өнөөдөр Монгол Улсад 660 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн дагуу УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд 270 гаруй хууль тогтоомжийг шинээр батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Ерөнхийдөө 2020 оноос цааш 750 орчим хууль, тогтоомж Монгол Улсын нийгэм эдийн засгийн харилцааг зохицуулна гэсэн таамаглал байгааг дурдав.

Мөн тэрбээр, парламентын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажил хоцрогдоод байгаагийг шалтгааныг УИХ-ын үе үеийн Тамгын газар, удирдлагуудын зүгээс энэ чиглэлээр цөөхөн хүн ажилладаг, боловсон хүчний чадавхи сул, хяналт шалгалт, үнэлгээ хийх аргачлал нь тодорхой бус байдаг нь тулгамдсан асуудал байдгийг онцолдог. Өнөөдрийг хүртэл парламентын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх тогтсон аргачлал, тодорхой гарын авлага, тодорхой шийдэл байхгүй байгааг онцолж байлаа.

Бидний хувьд УИХ-аас хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг байнгын тогтолцоог байгуулахад анхаарч, бүтцийг нь томсгож Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийг байгуулан ажиллаж байна. Хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр УИХ-ын холбогдох Байнгын хороо, Тамгын газар хамтраад  хуульд заасны дагуу хуулийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг эхлүүлж, тайлангаа гаргаад байна. Швейцарийн хөгжлийн агентлаг, Швейцарийн Парламентын Тамгын газартай хамтран ажиллаж  байгаа ажлын үр дүнд УИХ-ын Тамгын газраас дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын дэмжлэг, туслалцаатайгаар хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалын загварыг гаргахаар ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ дурдав.

 

Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриела Спирли  хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, үг хэллээ. 
Эрдэм шинжилгээний  хурлын эхний  сэдэв "Парламентын хянан шалгах чиг үүрэг ба хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт"-ын хүрээнд болж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зарим асуудлууд”, УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, доктор Б.Эрдэнэбилэгт “УИХ-ын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Тамгын газраас үзүүлж байгаа дэмжлэг  туслалцаа, тулгамдаж буй асуудлууд”, Швейцарийн Парламентын хяналт шалгалтын нэгжийн дарга, доктор Николас Грожан “Швейцарийн Парламентын хяналтын тогтолцоо: Хяналтын хороо болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээний тухай” сэдвээр илтгэл тавьж, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт илтгэлдээ, Хууль тогтоомжийн тухай хууль 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр УИХ-аар батлагдаж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээр эргэлт гарч, өөдрөг өөрчлөлтийг авчирсан гэдгийг онцлов. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан хууль тогтоомж нь тодорхой төлөвлөгөө, тооцоо судалгаанд үндэслээгүй, тухайн хуулийн хэрэгжилтийг хянах тогтолцоо дутуу дулимаг байсан. Энэхүү хуулийн гол үзэл баримтлал нь хууль УИХ-ын бусад шийдвэрийг санаачлах, тэдгээрийн төсөл боловсруулах, магадлан шалгах, хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, мэдээлэх, хэрэгжилтийг зохион багуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийн талаар хууль санаачлагчдад мэдээлэх, тайлагнах асуудлыг бүрэн зохицуулсан. Хууль тогтоомжийн боловсруулалтыг судалгаанд суурилан хөгжүүлэх боломжийг бүрдүүлж чадсан. Харин түүний хэрэгжилтийг хяналт шинжилгээ, судалгаанд суурилан харж, хянаж чаддаг болбол төрийн бодлого зөв, түмний сэтгэлд нийцтэй болно гэдгийг илтгэлдээ дурдав. 

Түүнчлэн Швейцарийн Парламентын хяналт шалгалтын нэгжийн дарга, доктор Николас Грожан илтгэлдээ тус улсын Парламентын Хяналтын хорооны  үйл ажиллагаа, хамрагдах байгууллага, мэдээлэл авах эрх,  бүтэц орон тоо,  хараат бус байдал, үнэлгээ хийх, хяналтын үйл ажиллагааны эерэг, сөрөг талуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн парламентын хянан шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд  гүйцэтгэх засаглалтай харьцуулахад нөөц бололцоо тэнцвэртэй бус, гүйцэтгэх засаглал илүү мэдээлэлтэй, өөрийн гэсэн ашиг сонирхолтой байдаг нь бэрхшээл учруулдаг гэдгийг онцолж байлаа.    

Харин дараагийн сэдэв нь “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх онол, практикийн асуудлууд"-ын хүрээнд болж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж буй өнөөгийн байдал, түүнийг сайжруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”, доктор, дэд профессор А.Алтанзул “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, онол арга зүйн асуудлууд”, доктор Д.Зүмбэрэллхам “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх эрх зүйн орчин” сэдвээр тус тус илтгэл тавилаа. 

Доктор Д.Зүмбэрэллхам илтгэлдээ, Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх эрх зүйн орчин харьцангуй бүрдэж, тодорхой бүтэц, үйл ажиллагааг хуульчлан зохицуулсан хэдий боловч тухайн зохицуулалтуудын харилцан уялдаа сайн хангагдаагүй, хуульд заасан байнгын тогтолцоо бүрдээгүй, түүнээс шалтгаалаад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажил одоогийн байдлаар тогтмолжоогүй гэж үзэхээр байна. Хууль тогтоомж нэг бүрийн хэрэгжилтийг хүчин төгөлдөр болж үйлчилсэн хугацаанаас нь хамааруулан төвлөгөөтэйгөөр хянан шинжилж үнэлгээ хийдэг, ерөнхий хяналтын сонсголыг тодорхой зорилгоор тогтмол давтамжтай явуулдаг, Улсын Их Хурал болон Засгийн газарт тэдгээрийн үр дүнг жил бүр хэлэлцдэг үйл ажиллагааны хоорондоо авцалдаатай нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх нь чухал байна. 

Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Засгийн газар дагнан хариуцаад түүнийгээ УИХ-ын холбогдох Байнгын хороонд үр дүнг танилцуулан тогтмол хэлэлцүүлдэг хэлбэр байж болохыг цаашид судалж үзмээр байна. Энэ тохиолдолд Улсын Их Хурлын хяналтын бүрэн эрхийн хүрээнд Байнгын хороодод хэлэлцсэн тухай нэгдсэн дүнг жилийн эцэст Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлдэг байж болох юм. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд “хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” асуудал багтдаг бөгөөд хууль тогтоох байгууллагын хувьд чухам энэхүү хянан шалгах агуулга, байр сууриа хадгалах хувилбарыг түлхүү баримтлах нь зүйтэй болов уу хэмээн эцэст нь дүгнэн хэлсэн. Хуралд оролцогч эрдэмтэн судлаачид, салбарын багш, мэргэжилтнүүд илтгэлүүдийн хүрээнд сонирхсон асуултад хариулт авч, санал солилцож, байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.