Ц.Батбаяр: Куба улстай биотехнологи, эрүүл мэнд, боловсрол, спортын салбарт хамтран ажиллах боломж их байна
Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяртай хийсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.
-Куба улс биотехнологийг хөгжүүлэх тал дээр харьцангуй өндөр амжилтад хүрсэн, ялангуяа ард түмнээ гепатит В, С вирусаас хамгаалах, вакцинжуулах тал дээр ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн амжилтад хүрч, Хятад, Иран зэрэг орнууд Кубаас гепатитын эсрэг вакциныг оруулж нэвтрүүлсэн гэж сонслоо. Энэ чиглэлээр Элчин сайдТа ямар ажил амжуулж байна вэ?
-Куба улсад томилогдон очсон өдрөөс эдгээр асуудалд анхаарлаа хандуулж ажилласан гэхэд хэтрүүлэг болохгүй биз ээ. Монгол улсад төдийгүй дэлхийн олон оронд танигдсан элэгний гепатит В, С вирусын эсрэг Интерферон, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтанд хэрэглэдэг Хеберфрот тариа, уушигний хорт хавдрын эсрэг тариа зэрэг олон нэр төрлийн эм, тариа, вакцин үйлдвэрлэж дэлхийн 50 орчим оронд худалдаалж буй БНКУ-ын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-д зочилж үйл ажиллагаатай танилцсан.
Кубын БиоКубаФарма нэгдлийн Ерөнхийлөгч Др.Карлос Гутиеррес, Биотехнологийн төвийн захирал Еүлохио Пиментел нар Элчин сайд миний биеийг угтан авч тус төвийн талаар танилцуулга хийсэн бөгөөд эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах цаашдын нэгэн шинэ боломжит салбараар тус төвийг онцолж, хамтран ажиллах санал байнга тавьж ирлээ.
Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй үнээр гепатит В вирусын эсрэг вакцин, диабетын хөлний шархлааны эсрэг Хеберфрот тариаг Монголд нэвтрүүлэх тухай хоёр ч хамтын ажиллагааны төслийг Кубын БиоКубаФарма нэгдэлтэй хамтран боловсруулж, Эрүүл мэндийн яаманд хүргүүлэн ажилласан. Диабетын Хеберфрот тариаг Монголын иргэд сонирхож, ЭСЯ-наас асууж сураглаж байдгийг хэлэх хэрэгтэй.
-Кубын Биотехнологийн төвийн төлөөлөгчид Монгол Улсад 2017 оны 3 дугаар сард айлчилж, Монгол улсын холбогдох эмнэлгүүд, хүрээлэнгүүдээр зочилж, мэргэжилтнүүдтэй санал солилцож хамтын ажиллагааны эхлэл тавигджээ. Түүний мөрөөр ямар ажлууд хийгдээд байна вэ?
-Кубын Генетикийн инженер, биотехнологийн төвийн Ерөнхий захирал Эулохио Пиментел, Биотехнологийн төслийн шинжээч Мануэль Рафаэль Раисес Перес-Кастаньеда болон Хөдөө аж ахуйн биотехнологийн мэргэжилтэн Абель Эрнандес Веласкес нар 2017 оны 3 дугаар сард манай улсад ажиллав.
Төлөөлөгчид Монголд ажиллах үеэрээ Улсын Клиникийн 1 дүгээр төв эмнэлгийн Диабетын төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Сонгино дахь “Биокомбинат” ТӨААТҮГ зэрэг байгууллагад тус тус зочилж, үйл ажиллагаатай нь танилцан, удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, туршлага, санал солилцсон.
Талууд Улсын Клиникийн нэгдүгээр төв эмнэлэг, Кубын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн хооронд хамтран ажиллах тухай Эрмэлзэх захидалд гарын үсэг зурсан. Энэхүү баримт бичгийн хүрээнд хоёр тал зүрх судасны өвчин, элэгний В гепатит, чихрийн шижин өвчний хөлийн шархлааны үеийн эмчилгээ, шамбарам, уушгины хавдрын эмчилгээ зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж нээгдээд байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Кубын Биотехнологийн төвд 2016 онд зочилж байгаа нь
Монголын “Эм Импекс ХХК” компаний захирал Б. Болормаа тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 7 дугаар сард БНКУ-д ажиллаж, Кубын Генетикийн инженер, биотехнологийн төв, Эмнэлгийн үйлчилгээний төв, Лабиофам нэгдэл, FINLAY эм, тарианы үйлдвэр, БиоКуба Фарма нэгдэл зэрэг эрүүл мэндийн салбарын томоохон компаниудаар зочилж уулзалт хийв. Үүний хүрээнд БНКУ-д үйлдвэрлэдэг, дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн диабетын хөлний шархлааны эмчилгээний тариа Хэбэрфрот зэргийг Монголд нэвтрүүлэх төсөл дээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулав. Саяхан 2018 оны 5 дугаар сарын эхээр Монголын олон мянган хүний сураглаж, хүлээж байгаа Хэбэрфрот тариаг улсын бүртгэлд бүртгэж авснаар манай ЭСЯ-ны уйгагүй ажлын бодит үр дүн гарч байна гэж хэлж болно.
Энэ тариаг дэлхийн 20 орон, түүний дотор манай хөрш ОХУ, Беларусь, Турк зэрэг орнууд 2014 онд бүртгэж, зөвшөөрөл олгож, эмчилгээнд нэвтрүүлсэн байна.
Монголын “Интермед” эмнэлгийн гүйцэтгэх захирал Я. Нямтогтох нарын төлөөлөгчид 2017 оны 9 дүгээр сард Гаванад ирж, Кубын төрийн өмчит Эмнэлгийн үйлчилгээний төвтэй байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, БНКУ-ын нарийн мэргэжлийн эмч нарыг Монголд хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулах тохиролцоонд хүрэв. Үүний дагуу Кубын өндөр мэргэжилтэй, туршлагатай 3 эмч 2018 оны 2 дугаар сараас Монголд ирээд ажиллаж байна.
-Боловсролын салбарт ямар ахиц байна, МУИС Гаванагийн Их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байдаг гэж уншсан. Манайхаас цөөн тооны монгол оюутан Куба улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Тэд голдуу ямар чиглэлээр суралцдаг юм бэ?
-Монгол Улсын Их сургуулийн захирал Я.Төмөрбаатар Гаванагийн Их сургуулийн захирал Густаво Кобрейрогийн урилгаар 2018 оны 2 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНКУ-д айлчилж, “Их сургууль 2018” Олон улсын дээд боловсролын конгресс болон Гаванагийн Их сургууль үүсгэн байгуулагдсаны 290 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Монгол Улсын Их сургуулийн захирал Я.Төмөрбаатар Гаванагийн Их сургуультай хийх цаашдын хамтын ажиллагаа, хөтөлбөрийн талаар харилцан санал солилцож, МУИС-д испани хэл, орон судлалыг эрчимжүүлэх, сургуулиуд хоорондын багш, оюутан солилцоог эхлүүлэх, хамтарсан судалгаа хийх, хамтын ажиллагааны санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор үр дүнтэй айлчлал хийв.
Мөн Гаванагийн Их сургуулийн захирал Др.Густаво Кобрейро, Эдийн засгийн сургуулийн захирал Др. Антонио Ромеро, Хэл, соёлын сургуулийн захирал хатагтай Родригес Пүэрто, Гадаад харилцааны хэлтсийн дарга хатагтай Илеана Сорояа Фернандез нартай тус тус уулзаж, Монгол Улсын их сургуулийн түүхэн хөгжлийн явц, сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй хөтөлбөр, цаашдын зорилгын талаар танилцуулж, хоёр их сургууль хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломж байгааг тэмдэглэв.
МУИС-ийн ректор Я. Төмөрбаатар, Гаванагийн ИС-ийн ректор Густав Кобреро, Элчин сайд Ц. Батбаяр нар
Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийг Гаванагийн Их сургуулийн Эдийн засгийн сургуультай холбох, судлаач, багш, оюутан солилцоог эхлүүлэхэд хоёр талаасаа дэмжиж ажиллах, Гаванагийн Их сургуультай хамтарсан оюутны зуны богино хэмжээний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, МУИС-ны оюутнуудыг идэвхитэй хамруулах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, судалгааны ном бүтээл, нийтлэл солилцох асуудлаар харилцан санал солилцов.
МУИС-д испани хэлний чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад дэмжлэг болох үүднээс түүх, соёл, утга зохиолын холбогдолтой ном, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг харилцан солилцох, Гаванагийн Их сургуулиас испани хэлний багш авч ажиллуулах асуудлаар харилцан санал солилцов. Гаванагийн Их сургууль МУИС-д нэг жилийн хугацаатай испани хэлний багш ажиллуулах, жил бүр гэрээг шинэчлэн багш явуулж байх бүрэн боломжтой гэв.
Куба улсад нийтдээ 25 Монгол иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байна. Үүнээс 15 оюутан, нэг иргэн докторант мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна. Тэд голдуу анагаахын чиглэлээр суралцдаг.
Оюутнуудын сурлагын дундаж үзүүлэлт 92.6 хувьтай байна.
Кубын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр хоёр оюутанд анагаах ухааны мэргэжлийн хуваарь олгодог байсныг Кубын Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын яамны удирдлагатай хэд хэдэн удаа уулзсаны үр дүнд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 2017-2018 онд гурван оюутны тэтгэлэг авсан нь чамлахааргүй тоо. Түүнчлэн Кубын талаас 2 оюутныг Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр хүлээн авч Монголын их, дээд сургуульд суралцуулахаар болоод байна. Одоо Кубын талаас Монголд суралцуулах 2 оюутнаа шалгаруулж байна.
-Монголын удирдаач Банзарын Лхагвасүрэн Кубын үндэсний симфони оркестртой бие даасан концерт тоглосон тухай мэдээ “сошиалаар” түргэн тархаж, 10000 гаруй хүн түүний концертын бичлэгийг сонсчээ. Тэгэхээр Монгол, Кубын хооронд соёл, урлагийн хамтын ажиллагаа хэр өөдрөг байна вэ?
-Гаванад сууж буй Монгол Улсын ЭСЯ-наас санаачлан Монголын удирдаач Б. Лхагвасүрэнгийн Кубын үндэсний симфони найрал хөгжмийг удирдан дэлхийн сонгодог болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын зохиолуудыг Кубын үзэгчдэд анх удаа толилуулсан концертыг Гавана хотын Үндэсний театрт 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав. Кубын сонгодог хөгжим сонирхогчид,үзэгчид Монголын авъяаслаг удирдаач Б. Лхагвасүрэнгийн удирдлагаар Кубын симфони оркестр Л. Бетховен, А. Дворжак нарын зохиолуудаас гадна Монгол улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Шаравын “Үлэмжийн ертөнц”, нэрт хөгжмийн зохиолч З. Хангалын “Эрдэнэсийн уул”, “Салхич шувуу” зэрэг зохиолуудыг Гавана хотноо эгшиглүүлэн тоглосныг сэтгэл бахдан сонслоо.
Монголын удирдаач Б. Лхагвасүрэн Кубын Үндэсний симфони оркестрын хамт
Монгол, Куба хоёр улс дэлхийн бөмбөрцгийн хоёр өөр өнцөгт алс хол орших боловч сонгодог урлаг, сонгодог хөгжим хоёр ард түмнийг ойртуулахад нэн чухал үүрэгтэйг Кубын Соёлын яамны дэд сайд Фернандо Рохас концертыг сонсоод ярьж байсан. Концертыг Кубын соёлын яам, Кубын хөгжмийн институт, Соёл урлагийн их сургуулийн багш сурагчид, Кубын үзэгчид нийт 600 орчим хүн үзэж сонирхсоноос гадна Гаванад суугаа ДТГ-ын тэргүүнүүд, ЭСЯ-ны дипломат ажилтнууд урилгаар ирж үзэв.
Цаашид Гавана хотод Улаанбаатар хотын соёлын өдрийг зохион байгуулах, Гавана хотын аль нэг цэцэрлэгт хүрээлэн эсвэл талбайг Улаанбаатар хотын нэрэмжит болгох зэргээр ЭСЯ-наас санаачлан хэрэгжүүлэхээр чармайж байгаа ажлууд бий.
-Монголчууд Куба руу 30 хоног визгүй зорчдог. Кубын аялал жуулчлалын талаар мэдээллийг өгөхгүй юү?
-Саяхан 2018 оны 5 дугаар сарын эхээр Кубын аялал жуулчлалын оны яармаг Кубын үзэсгэлэнт газруудын нэг, Вилла Клара хотоос холгүй орших Каёо Санта Мариа хэмээх газар болж өнгөрлөө. 1989 онд эхэлсэн энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд Кубын арлын эх газрыг Каёо Санта Мариа хэмээх далайн бүлэг жижиг арлуудтай холбосон далай дундуур авто зам, 40 гаруй гүүрийг 10 жилийн дотор барьж байгуулан одоо 5 одтой 40 орчим зочид буудал тэнд үйл ажиллагаа явуулж жилдээ хагас сая орчим жуулчин хүлээн авч байна. Түүнчлэн дэлхийд алдартай Варадеро амралт, зугаалгын бүс нь Гавана хотоос 130 км-д оршдог. Тус хойгт одоогийн байдлаар 150 орчим зочид буудал, нэг олон улсын нисэх онгоцны буудал үйл ажиллагаа явуулж байна. Куба улс жилдээ нийтдээ таван сая жуулчин хүлээн авах чадалтай. Жуулчдын 45 хувийг Варадеро дангаараа хүлээн авдаг. Варадеро амралтын бүс цав цагаан элс, номин хөх ус бүхий наран шарлагын эргээрээ дэлхийд алдартай.
Сүүлийн жилүүдэд Монгол, Кубын хооронд иргэд харилцан зорчих нь нэмэгдэж байна. Кубын аялал жуулчлалын яамны албаны хүмүүстэй уулзахад Кубын хилээр Монголоос ирж буй жуулчид болон Кубын зах зээл, бизнесийн орчинтой танилцахыг хүссэн хувийн хэвшлийнхэний тоо нэмэгдсэн талаарх судалгааг танилцуулж байсан. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн Ганхүү нарын баг 2017 онд Кубад ирж куба орон, кубачуудын тухай нэвтрүүлэг хийж Монголын телевизээр цацсан нь Кубыг сонирхогч монголчуудын тоог нэмэгдүүлсэн нь гарцаагүй. Хятадын “Айр Чайна” агаарын зорчигч тээврийн компани Бээжин-Монреаль-Гавана чиглэлийн шууд нислэг 7 хоногт хоёр удаа үйлдэж байна. Мөн Туркийн “Туркиш Айрлайнз” компани нь Истанбул-Гавана-Истанбул чиглэлээр байнгын нислэгээ 2016 оны 12 дугаар сараас эхлүүлээд байгаа. Гавана болон бусад хотуудад Москва, Парис, Бээжин, Истанбул хотуудаас ийм төрлийн шууд нислэгийн тоо нэмэгдэх тусам Монголоос жуулчлах иргэдийн тоо ихсэх нь гарцаагүй юм.
Элчин сайд Ц. Батбаяр Кубын жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийнхантай хамт
-Куба Олимпийн тоглолтуудаас нийт 220 медаль авсан байдаг. Спортын салбарт ямар ажлууд хийгдэж байна, ялангуяа 2020 оны Токиогийн Олимпийн өмнө Монгол, Кубын тамирчид ямар төрлөөр хамтран бэлтгэл сургуулилт хийх болоо?
ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц. Шаравжамц тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сард БНКУ-д айлчилж, “Спорт ба Хүний хөгжил” сэдвээр зохион байгуулагдсан VII удаагийн Биеийн тамир, спортын олон улсын хуралд оролцов. Хурлын өдрүүдэд Кубын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн Үндэсний институтын ерөнхийлөгч Антонио Эдуардо Бекали болон тамирчид, дасгалжуулагчдын хамтарсан бэлтгэл, солилцоог хариуцдаг “КУБАДЕПОРТЕС” агентлагийн тэргүүнтэй тус тус ажлын уулзалт хийв. Тэд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, БНКУ-ын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн Үндэсний институт хооронд 2014 онд байгуулсан “Биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцож, цаашид Токиод 2020 онд болох Олимпийн тоглолтын бэлтгэл ажлын хүрээнд дасгалжуулагч тамирчдын солилцоог нэмэгдүүлэх, хоёр талын зохион байгуулж буй тэмцээн уралдаан, спортын эрдэм шинжилгээний хурал, семинарт спортын мэргэжилтэн, тамирчдыг харилцан идэвхитэй оролцоход тал талаасаа дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов.
ЗГХА, БТСГ-ын дарга Ц. Шаравжамц Кубын биеийн тамир, спорт, чөлөөт цагийн агентлагийн Ерөнхийлөгч А. Бекалитай уулзалт хийв.
Түүнчлэн Кубын биеийн тамир, спорт, чөлөөт цагийн Үндэсний институтын Ерөнхийлөгч Антонио Бекалес тэргүүтэй төлөөлөгчид Монголд 2018 оны 2 дугаар сард хариу айлчлал хийж, бокс, жүдо, гимнастик, волейбол зэрэг төрлөөр хоёр орны тамирчид хамтарсан бэлтгэл сургуулилт тогтмол хийж байх, Кубын биеийн тамир, спортын шинжлэх ухааны мэргэжилтнүүдийг Монголд урьж лекц яриа хийлгэх, тамирчдын бие бялдар, сэтгэл санааны бэлтгэлийг хослуулах тал дээр хамтран ажиллахаар тохирчээ. Эхний ээлжинд Кубын биеийн тамир, спортын шинжлэх ухааны төвийн 2 мэргэжилтэнг Монголд урилгын дагуу айлчлуулж, лекц яриа хийлгэхээр ажиллаж байна. Куба спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх тал дээр багагүй амжилт олж, энэ туршлагаа манай дасгалжуулагчидтай хуваалцах юм.
-Испани хэл Монголын залуучуудын сонирхдог хэлний нэг болжээ. Испани хэл сурья гэсэн залуус Куба болон Латин Америкийн бусад оронд очиж испани хэл сурах боломж хэр байдаг вэ?
-Гаванагийн Их сургуулийн гадаад хэлний сургуулиас испани хэл сурах сонирхолтой хүмүүст богино, урт хугацааны хэлний курс, сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Богино хэмжээний 40, 60, 80 цагийн курсийн хичээлийн төлбөр 200-360 ам.доллар байдаг, богино хэмжээний курсын төлбөрийг 4-6 /320-480 цагийн хичээл/ сараар хийвэл 1000-1400 орчим ам.доллар болох бөгөөд сар тус бүрээр хийснээс хямд тусдаг байна. Богино хэмжээний курст испани хэлний анхан шатны мэдлэг авах, түгээмэл харилцан ярианы хүрээнд ярих боломжийг олгох бөгөөд богино курсууд нь сурагчийн испани хэлний мэдлэгээс хамааран анхан, бага, дунд, дэвшилтэт, дээд гэсэн 5 түвшинд хичээл ордог байна.
Ректор Я. Төмөрбаатар, Элчин сайд Ц. Батбаяр нар Гаванагийн ИС-ийн “Alma Mater” хөшөөний өмнө
Урт хугацааны буюу бүтэн хичээлийн жилийн курст 9 сарын турш суралцахад 1800 орчим ам.долларын төлбөртэй байна. Тус курс нь испани хэлнээс гадна математик, утга зохиол, түүх, нийгэм зэрэг суурь хичээлүүдийг испани хэл дээр судлах бөгөөд цаашид их дээд сургуульд суралцах, мэргэжил эзэмших боломжтой болдог онцлогтой.
ГАВАНА ХОТ, 2017.05.21.