Ц.Батбаяр: Ерөнхийлөгч Куба Улсад түүхэн айлчлал хийж, хамтын ажиллагааны шинэ салбаруудыг нээлээ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр
2017.05.19

Ц.Батбаяр: Ерөнхийлөгч Куба Улсад түүхэн айлчлал хийж, хамтын ажиллагааны шинэ салбаруудыг нээлээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяртай ярилцлаа.

- Өнгөрсөн оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж БН Куба Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын агуулга, үр дүнгийн талаар Та бидэнтэй саналаа хуваалцахгүй юу?  

-Уламжлалт найрсаг харилцаатай БНКуба Улстай харилцах харилцаандаа онцгой ач холбогдол өгч, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид идэвхижүүлэх, бататгах, шинэ шатанд гаргах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны 9 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд БНКУ-д албан ёсны айлчлал хийлээ. Тухайн үед 1972 онд Монголын нам, засгийн удирдагч Ю.Цэдэнбал, 1984 онд Ж.Батмөнх нар БНКУ-д албан ёсоор айлчилж байв. Энэ утгаар авч үзвэл Элбэгдорж Ерөнхийлөгчийн айлчлал бараг 40 гаруй жилийн дараа болж буй, түүнчлэн 1990 оноос ардчилал, зах зээлийн замаар замнах болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны айлчлал гэдэг утгаар түүхэн айлчлал боллоо гэж үзэж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Кубын үндэсний баатар Хосе Мартигийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсний дараа БНКУ-ын Төрийн зөвлөл болон Сайд нарын зөвлөлийн дарга Раул Кастро хүндэт зочноо албан ёсоор угтан авч, албан ёсны яриа хэлэлцээ хийв.

Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Кубын төрийн тэргүүн Рауль Кастро нарын уулзалтын агшин

Тус хэлэлцээнд  Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр зэрэг албаны хүмүүс оролцсон бол Кубын талаас Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч, Тэргүүн дэд сайд Марселино Медина, Гадаад харилцааны дэд сайд Рохэлио Сиерра Диаз, БНКУ-аас Монгол улсад суух Элчин сайд Раул Делгадо нар оролцсон.

Албан ёсны яриа хэлэлцээ, түүний дараа албан ёсны оройн зоог дээр хоёр Ерөнхийлөгч  нөхөрсөг яриа өрнүүлж 1 цаг 30 минут үргэлжлэхээр төлөвлөгдөөд байсан хэлэлцээ 4 цаг 30 минут үргэлжилсэн нь хоёр улсын найрсаг харилцаа, харилцан чиглэсэн хүсэл эрмэлзлэл их байдгийг нотлолоо. Хэлэлцээний хүрээнд хоёр талын харилцааны асуудлуудаас гадна, глобал болон бүс нутгийн асуудлууд, Куба-АНУ-ын харилцааны өнөөгийн байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-Оргил Кубын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч, тэргүүн дэд сайд Марселино Медина Гонзалестай яриа хэлэлцээ хийв.

Хоёр орны өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, улмаар өргөжүүлэх, шинэ шатанд гаргах талаар хоёр сайд санал солилцсон. МУИС-ын захирал Р.Бат-Эрдэнэ, Гаванагийн Их сургуулийн захирал Густаво Кобриеро нар хоёр орны харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Уг санамж бичигт туссанаар эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч, испани хэлний чиглэлээр цаашид хамтран ажиллаж, оюутан ,багш, судлаачдыг харилцан солилцож, туршлага судлуулахаар болов.

Айлчлалын хүрээнд талууд хоёр талын харилцаа төдийгүй олон талт хамтын ажиллагаанд ч хамтран ажиллахаа илэрхийлж, хоёр орон харилцан бие биенээ харилцан дэмжих тохиролцооны дагуу Кубын тал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд нэрээ дэвшүүлсэн Монгол Улсыг дэмжиж саналаа өгөх, Монголын талаас өмнөх жилүүдийн нэгэн адил “АНУ-аас Кубын эсрэг тогтоосон эдийн засаг, худалдаа болон санхүүгийн хоригийг цуцлах тухай” тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцэх үед Монгол Улс Кубын талын оруулсан тогтоолын төслийг дэмжиж ажиллах болно гэдгээ удаа дараа илэрхийлж байв. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2017-19 оны сонгуульд Кубын талыг дэмжихээ албан ёсоор илэрхийлэв.

-Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Гаванагийн Их сургуулийн оюутнуудад лекц уншсан, энэхүү лекцийн онцлог, түүнийг Кубын оюутан залуус хэрхэн хүлээн авсан тухай сонирхуулахгүй юу? 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Гаванагийн Их сургуулийн Сан Херонимогийн сургуульд “Монгол, Кубын харилцааны шинэ эрин үе” сэдэвт лекцийг уншсан. Ерөнхийлөгч 1990 оноос хойших Монголын өөрчлөлт шинэчлэлтийн тухай өөрийн бодол эргэцүүллээ Гаванагийн Их Сургуулийн оюутнуудтай хуваалцахыг маш чухалчилж үзсэнийг хэлэх нь зүйтэй.

Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Гаванагийн Их сургуулийн индэр дээр

Лекцийн эхэнд тэртээх 1960 онд Монгол улс Латин Америкийн орнуудаас анх удаа Куба улстай дипломат харилцаа тогтоож, хоёр улс газар зүйн хувьд алс хол оршдог боловч өнгөрсөн 56 жилийн турш уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан, бие биенээ хэрхэн харилцан дэмжиж ирсэн тухай, Монгол улсын түүх соёл, хөгжлийн түүхэн замналын тухай, Монголын 1990 оноос хойших улс төр, нийгэм, эдийн засаг, боловсролын өөрчлөн шинэчлэлтийн тухай ерөнхий ойлголтыг танхимд  хуран цугларсан эрдэмтэн, багш, оюутан, дипломат корпусын төлөөлөл нараас гадна Кубын үндэсний “Cuba Vision” буюу “Алсын хараа” телевизээр дамжуулан Кубын нийт ард иргэдэд өгөхийн зэрэгцээ ардчилал, эрх чөлөө, чөлөөт зах зээл, нийгмийн үнэт зүйлсийн талаар үзэл бодлоо илэрхийлэв.

Ерөнхийлөгч яриандаа улс орон бүр өөрийн онцлогт тохирсон хөгжлийн замаа сонгож авдаг тухай хөндсөн юм. Тэрээр лекцдээ “Ер нь орон бүхэн ямар замаар хөгжлөө тодорхойлох вэ гэдэг эрэл хайгуул хийдэг гэж би боддог. Кубын хөгжлийн загвар ямар байж болох вэ гэдэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаа гэж би нэг сониноос уншсан юм. Ер нь Монголд ч гэсэн хөгжлийн загвар ямар байх вэ гэсэн хэлэлцүүлэг байнга хийдэг. Би бол хүмүүс илүү эрх чөлөөтэй байх ёстой, илүү бүтээлч, хийх боломжтой байх ёстой, энэ л Монголын хөгжлийн загвар, суурь нь юм гэж би хувьдаа боддог. Хүмүүс илүү боловсролтой байх ёстой.

Бид социализмаас сайн зүйлсээ үргэлжлүүлж авч явахыг хичээж байгаа, мөн чөлөөт, нээлттэй нийгэмд байгаа сайн зүйлсийг авчрахыг хичээж буй. Гэхдээ бид байнга онохгүй, маш их алдаа хийж байгаа. Гэхдээ хүн бүхэн, улс орон бүхэн өөрийн сонгосон замаараа л явах ёстой гэж би үздэг. Гэхдээ эрх чөлөөтэй амьдаръя гэсэн хүсэл зориг бол хүн бүхэнд бий. Хүний зүрхний цохилт бүхэн эрх чөлөөний чимээ гэж би хувьдаа боддог. Эрх чөлөөний нэг сайхан тал нь алдах эрхийг давхар өгдөг. Гэхдээ энэ нь алдаагаа засаад цаашаа явах боломжийг л олгож байгаа юм” хэмээн дурьдав.

Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж монголчууд ардчилал, зах зээлийн нийгмийг байгуулах шилжилтийн үедээ алдсан ч зүйл их бий, олсон ч зүйл их бий гэдгийг дурьдаад “гэхдээ эрх чөлөөтэй амьдаръя гэсэн хүсэл зориг бол хүн бүхэнд байдаг. Хүний зүрхний цохилт бүхэн эрх чөлөөний чимээ гэж хувьдаа бодож явдаг” гэсэн нандин бодлоо Кубын оюутан залуустай хуваалцсан билээ.

-Куба улс биотехнологийг хөгжүүлэх тал дээр харьцангуй өндөр амжилтад хүрсэн, ялангуяа ард түмнээ гепатит В, С вирусаас хамгаалах, вакцинжуулах тал дээр ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн амжилтад хүрч, Хятад, Иран зэрэг орнууд Кубаас гепатитын эсрэг вакциныг оруулж нэвтрүүлсэн гэж бичдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал энэ чиглэлээр ямар үр дүнд хүрсэн бэ?

- Монгол улсад төдийгүй дэлхийн олон оронд танигдсан элэгний гепатит В, С вирусын эсрэг Интерферон, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтанд хэрэглэдэг Хеберфрот тариа зэрэг олон нэр төрлийн эм, тариа, вакцин үйлдвэрлэж дэлхийн 50 орчим оронд худалдаалж буй БНКУ-ын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-д МУ-ын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид зочилж үйл ажиллагаатай танилцсан. Монголын төлөөлөгчдийг Кубын БиоКубаФарма нэгдлийн Ерөнхийлөгч Др.Карлос Гутиеррес, Биотехнологийн төвийн захирал Еүлохио Пиментел нар угтан авч тус төвийн талаар танилцуулга хийсэн бол монголын талаас эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах цаашдын нэгэн шинэ боломжит салбараар тус төвийг онцолж, хамтран ажиллах санал тавив. Тус төвийн гурван мэргэжилтэнг Монгол улсад урьж, хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов.

- Кубын Биотехнологийн төвийн төлөөлөгчид Монгол Улсад энэ оны 3 дугаар сард айлчилж, Монгол улсын холбогдох эмнэлгүүд, хүрээлэнгүүдээр зочилж, мэргэжилтнүүдтнй санал солилцож хамтын ажиллагааны эхлэл тавигдсан гэж сонссон. Энэ тухай Та танилцуулна уу?

- Кубын Генетикийн инженер, биотехнологийн төвийн Ерөнхий захирал Эулохио Пиментел, Биотехнологийн төслийн шинжээч Мануэль Рафаэль Раисес Перес-Кастаньеда болон Хөдөө аж ахуйн биотехнологийн мэргэжилтэн Абель Эрнандес Веласкес нар 2017 оны 3 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд манай улсад ажиллав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Кубын биотехнологийн төвд зочилж байгаа нь

Төлөөлөгчид Монголд ажиллах үеэрээ Зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын Клиникийн 1 дүгээр төв эмнэлгийн Диабетын төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  Мал эмнэлгийн хүрээлэн, Сонгино дахь “Биокомбинат” ТӨААТҮГ зэрэг байгууллагад тус тус зочилж, үйл ажиллагаатай нь танилцан, удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, туршлага, санал солилцсон.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг  Кубын төлөөлөгчдийг 3 дугаар сарын 16-нд мөн хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, Монголын анагаах ухааны салбарт дэвшилтэт технологи, эмчилгээний шинэ арга хэлбэр нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар санал солилцож, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Талууд Улсын Клиникийн нэгдүгээр төв эмнэлэг, Кубын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн хооронд хамтран ажиллах тухай Эрмэлзэх захидалд гарын үсэг зурсан.  Энэхүү баримт бичгийн хүрээнд хоёр тал зүрх судасны өвчин, элэгний В гепатит, чихрийн шижин өвчний хөлийн шархлааны үеийн эмчилгээ, шамбарам, уушгины хавдрын эмчилгээ зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм.

-Манайхаас цөөн тооны монгол оюутан Куба улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Тэд голдуу ямар чиглэлээр суралцдаг юм бэ?

-Куба улсад нийтдээ 25 Монгол иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байна. Үүнээс  15 оюутан,  нэг иргэн докторант мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна. Тэд голдуу анагаахын чиглэлээр суралцдаг. Оюутнуудын сурлагын дундаж үзүүлэлт 92.6 хувьтай байна. Кубын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр хоёр оюутанд анагаах ухааны мэргэжлийн хуваарь олгодог байсныг Ерөнхийлөгчийн айлчлалын мөрөөр Кубын Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын яамны удирдлагатай хэд хэдэн удаа уулзсны үр дүнд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 2017-2018 онд  гурван оюутны тэтгэлэг авахаар болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Гаванад сурч буй оюутан залуустай

Хоёр хуваарь нь анагаахын чиглэлээр, нэг хуваар нь испани хэл, утга зохиолын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр байх юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Кубын талаас 2 оюутныг Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр хүлээн авч Монголын их, дээд сургуульд суралцуулахаар болоод байна. Одоо Кубын талаас Монголд суралцуулах 2 оюутнаа шалгаруулж байна.

-Кубын онцлох өөр нэг зүйл нь дэлхийд балетын урлагийн амжилтаараа гайхагддаг.  Кубын домогт балетчин Алисиа Алонсог балет сонирхогч хүн бүр мэднэ. Тэгэхээр Монгол, Кубын хооронд соёл, урлагийн хамтын ажиллагаа хэр өөдрөг байна вэ?

-50 дахь жилтэйгээ золгож буй хоёр жил тутамд зохион байгуулагддаг БНКУ-ын алдарт бүжигчин, Кубын балетын сургуулийг үндэслэгч Алисиа Алонсогийн нэрэмжит “Гаванын олон улсын балетын фестиваль XXV” 2016 оны 10 дугаар сард “Гаванын Их театр”-т нээлтээ хийж, 7 хоногийн турш үргэлжилсэн.  Фестивальд Аргентин, Бельги, Бразил, Канад, Колумби, Өмнөд Солонгос, Куба, Франц, Монгол, Мексик, Их Британ, Испани, АНУ, ОХУ зэрэг 17 орны мэргэжлийн шилдэг бүжигчид оролцсон, дэлхийд чансаагаар өндөр балетын фестиваль болж өнгөрлөө.

МУГЖ, МУ-ын соёлын элч Д.Алтанхуяг фестивальд урилгаар оролцож, 10 дугаар сарын 30-ны өдөр “Гаванын их театр”-т, 11 дүгээр сарын 1-ний өдөр “Кубын үндэсний их театр”-т тус тус Кубын Үндэсний балетын эмэгтэй гоцлол бүжигчинтэй тоглож буй хамтарсан тоглолтыг Кубын үзэгчид, Гавана дахь дипломат корпусынхан үзэж сонирхлоо.

МУГЖ, МУ-ын соёлын элч Д.Алтанхуяг Кубын үндэсний балетын сургууль, Акоста балетын сургуультай тус тус танилцаж, Монгол, Кубын балетын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд Кубын домогт балетчин Алиса Алонсотой ажил хэрэгч уулзалт хийв.   

Цаашид Гавана хотод Улаанбаатар хотын соёлын өдрийг зохион байгуулах, Гавана хотын аль нэг цэцэрлэгт хүрээлэн эсвэл талбайг Улаанбаатар хотын нэрэмжит болгох зэргээр ЭСЯ-наас санаачлан хэрэгжүүлэхээр чармайж байгаа ажлууд бий.

-Монголчууд Куба руу 30 хоног визгүй зорчдог. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юү?

-Дэлхийд алдартай Варадеро амралт, зугаалгын бүс нь Кубын Матанзас мужийн Хикакосийн хойгт байрладаг. Гавана хотоос 130 км-д оршдог. Тус хойгт одоогийн байдлаар 150 орчим зочид буудал, нэг олон улсын нисэх онгоцны буудал үйл ажиллагаа явуулж байна. Куба улс жилдээ таван сая жуулчин хүлээн авах чадалтай. Жуулчдын 45 хувийг Варадеро дангаараа хүлээн авдаг. Варадеро амралтын бүс цав цагаан элс, номин хөх ус бүхий наран шарлагын эргээрээ дэлхийд алдартай.

Сүүлийн жилүүдэд Монгол, Кубын хооронд иргэд харилцан зорчих нь нэмэгдэж байна.  Кубын аялал жуулчлалын яамны албаны хүмүүстэй уулзахад Кубын хилээр Монголоос ирж буй жуулчид болон Кубын зах зээл, бизнесийн орчинтой танилцахыг  хүссэн хувийн хэвшлийнхэний тоо нэмэгдсэн талаарх судалгааг танилцуулж байсан.

Монгол, Куба иргэд хоорондоо гэр бүл болох, түүнчлэн Монгол Улсад зочлох болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг хүссэн Куба иргэдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн дүнтэй байна.

2016  оноос Хятадын “Айр Чайна” агаарын зорчигч тээврийн компани Бээжин-Монреаль-Гавана чиглэлийн шууд нислэг 7 хоногт хоёр удаа үйлдэж байна. Мөн Туркийн “Туркиш Айрлайнз” компани нь Истанбул-Гавана-Истанбул чиглэлээр байнгын нислэгээ 2016 оны 12 дугаар сараас эхлүүлээд байгаа. Гавана болон бусад хотуудад Москва, Бээжин, Истанбул хотуудаас ийм төрлийн шууд нислэгийн тоо нэмэгдэх тусам Монголоос жуулчлах иргэдийн тоо ихсэх нь гарцаагүй юм.

-Нэгэнт Куба улсад суугаа Элчин сайдтай ярилцаж байгаагийнх Кубын өнөөгийн нөхцөл байдлын талаар асуумаар байна. Куба Улс нэг намын системтэй, өөрийн онцлогтой социализмыг бүтээн байгуулж байгаа орон. Кубын дотоод амьдралд гарч буй өөрчлөлтийн талаар бидэнд танилцуулахгүй юу?

-Кубын эрх баригч Коммунист намын ээлжит YII их хурал 2016 оны 4 дүгээр сарын 14-19-ны өдрүүдэд Гавана хотод болж өнгөрөв. ККН-ын YII их хуралд 54500 намын үүр, хороодод бүртгэлтэй нийт 670000 гишүүдээс сонгогдсон 1000 төлөөлөгч оролцов.  ККН-ын 1 дүгээр нарийн бичгийн дарга Рауль Кастро Рус   ККН-ын Төв Хорооны тайлан илтгэлийг тавьж сонсгов. Тэрээр тайлан илтгэлдээ өмнөх их хурлаас хойших 5 жилд хийсэн ажлаа нэгтгэн дүгнэж тайлагнаснаас гадна дараагийн 5 жилд 2017-2021 онд хийх ажлаа танилцуулав.

Рауль Кастро илтгэлдээ Кубын нийгэм-эдийн засгийн хэв загварыг “эдүгээчлэх”, өөрөөр хэлбэл өнөөгийн дотоод, гадаадын шинэ нөхцөл шаардлагад зохицуулан шинэчлэх асуудлыг дэвшүүлэн тавив. Тэрээр Куба хэзээ ч бусад зарим орны адил эдийн засгийн реформын “цочир эмчилгээ”-ний аргыг хэрэглэхгүй, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн секторуудаа хувьчлахгүй гэсэн зарчмын байр сууриа тайлан илтгэлдээ цохон тэмдэглэв.

Өөрөөр хэлбэл, нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийг “цочир” аргаар бус “аядуу аажим тайван” замаар хийнэ, Хятад, Вьетнамын загварын ололттой талуудыг илүү түшиглэсэн “Кубын онцлогтой” социализмыг байгуулна гэж ойлгогдож байна.

Рауль Кастро Кубын эдийн засагт тулгарч буй зарим тулгамдсан асуудлууд, тухайлбал “ардын песо” болон “хөрвөх песо” гэсэн ханшийн хоёр тогтолцооны зөрчил, нэг ханшийн тогтолцоонд шилжих асуудал, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн менежмэнтийг сайжруулах, хоршооллын буюу хувийн хэвшлийг тодорхой хүрээнд дэмжих зэрэг асуудлыг хөндөж ярив.            

Кубын хувьсгалын удирдагч, ХХ зууны дэлхийн түүхэн хүний нэг Фидель Кастро 2016 оны 11 дүгээр сард 90 насандаа нас нөгчиж, Кубын ард түмэн 9 өдөр гашуудал зарлаж, Фидель Кастрогийн чандрыг бүх Куба орноор баруун эргээс зүүн эрэг хүртэл машинаар аялуулж түүний төрсөн хот Сантьяго де Куба хотод оршуулах ёслолыг зохион байгууллаа.  Түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслолын цуглаан Гавана хотын Хувьсгалын талбайд болж, Кубын хагас сая орчим олон нийтийн төлөөлөгчид оролцож, Латин Америк, Европ, Африк, Азийн 20-иод орны төрийн тэргүүн, Үндэсний ассемблейн дарга, дэд дарга нар оролцож түүний дурсгалыг хүндэтгэлээ.

АНУ-аас Кубын эсрэг явуулж буй худалдааны хориг арга хэмжээ нь дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубад айлчилсан нь харилцааны шинэ эрин үеийг нээсэн. Ер нь үүнээс хойш нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна. Энэ талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юү?

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама БН Куба Улсад 2016 оны 3 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд албан ёсны түүхэн айлчлал хийв. Түүхэн хэмээж буй учир нь АНУ-ын Ерөнхийлөгч 88 жилийн дараа айлчилж буй, ялангуяа 1961 оноос Кубад улс төр, эдийн засаг, санхүүгийн хориг тавьснаас хойш 55 жилийн дараа хэрэгжиж буй гэдэг утгаар түүхэн хэмээн нэрлэж байна.

Ерөнхийлөгч Обама айлчлалын зорилгоо Латин Америкт 50 гаруй жил үргэлжилсэн “хүйтэн дайн”-д эцсийн цэг тавих, Кубад найрамдал нөхөрлөл, харилцан ойлголцлын гараа сунгах хэмээн тодорхойлов. Обамагийн айлчлалыг Барак  Обама, Рауль Кастро нар 2014 оны 12 дугаар сард эхлүүлсэн АНУ, Кубагийн харилцааг хэвийн болгох үйл явцын чухал нэг үе шат гэж хоёр тал үзэж буй юм.  

Кубын Төрийн болон Сайд нарын Зөвлөлийн дарга Рауль Кастро АНУ-ын Ерөнхийлөгчийг Хувьсгалын талбайд албан ёсоор хүлээн авч, хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дуулал эгшиглүүлэн, Ерөнхийлөгч Обама “Хосе Марти”-н хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Рауль Кастро Ерөнхийлөгч Барак Обамаг “Хувьсгалын талбай”-д байрлах төрийн ордонд албан ёсоор хүлээн авч уулзаж, яриа хэлэлцээ хийсний дараа хоёр улсын төрийн тэргүүн хамтарсан мэдэгдэл хийлээ.

Ерөнхийлөгч Обама мэдэгдэлдээ Конгрессын 40 гаруй гишүүд, Америкийн томоохон пүүс компанийн төлөөлөгчид, АНУ-д амьдарч буй куба гаралтай олон америкчууд өөрийг нь дагалдан ирснийг онцлоод, өөрийн айлчлалын гол зорилгоо “хоёр орны харилцан сонирхлыг урагшлуулах, Кубын болон Америкийн ард түмний аж амьдралыг сайжруулахад түлхэц үзүүлэх” хэмээн тодорхойлов. Обама мөн “Кубын ард түмэн өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийдэх” эрхтэйг дурьдаад үг хэлэх, хурал цуглаан хийх, шашин шүтэх зэрэг хүний түгээмэл эрхийг хүндэтгэхийг уриалж буйгаа илэрхийлж байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа бүрэн эрхт хугацаа дуусахаас өмнө Кубын талаарх цагаачлалын бодлогодоо зарчмын өөрчлөлт хийв. Түүний шийдвэрээр “Нойтон хөл ба хуурай хөл” /wet foot and dry foot/ цагаачлалын бодлогыг  2017 оны 1 дүгээр сарын 12-ноос эхлэн зогсоохоор болов.

Үүнийг БНКУ-ын зүгээс хоёр орны харилцааг нэг алхам урагшлуулсан, зөв шийдвэр болсон хэмээн БНКУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч байр сууриа илэрхийлэв.  Өөрөөр хэлбэл, Кубын цагаачдыг онцгойлон авч үзэх бодлогыг цуцалж, бусад Латин Америкийн орнуудын цагаачдын адил авч үзэж, хууль бусаар АНУ-д нэвтрэх гэсэн хуурай замаар, усан замаар бүхий л Кубын цагаачдыг саатуулж, Кубын талд хуулийн дагуу буцаах шийдвэр гаргаж буй ажээ.

1966 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Кубын ард иргэдийг АНУ-д шингээх тухай цагаачлалын хууль батлагдаж, тус хуульд заасны дагуу хуурай газар, усан зам харгалзахгүйгээр АНУ-ын хилээр нэвтэрсэн Кубын иргэнд хил нэвтэрсэнээс хойш 1 жилийн дараа байнгын оршин суух үнэмлэх олгож байв. Харин 1995 онд Билл Клинтоны шийдвэрээр Кубын ард иргэдийг АНУ-д шингээх тухай цагаачлалын хуульд өөрчлөлт оруулж, “Нойтон хөл ба хуурай хөл” цагаачлалын бодлогыг хэрэгжүүлж эхлэв.

Тус бодлогын хүрээнд “Нойтон хөл” буюу далайн, усан замаар хил нэвтрэхийг завдсан, хуурай газрын бүст хүрэхээсээ өмнө саатуулагдсан Кубын иргэдийг БНКУ эсвэл гуравдагч орон руу буцаах шийдвэр гаргасан бол “Хуурай хөл” буюу хуурай газраар нэвтэрсэн Кубын иргэдэд цагаачлалын хууль үйлчилж, АНУ-д суурьших, хэсэг хугацааны дараа байнгын оршин суух үнэмлэх авах боломжтой болсон юм.  

“Нойтон хөл ба хуурай хөл” бодлогыг цуцлах саналыг БНКУ-ын зүгээс анх 2002 онд тавьж байсан бөгөөд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш саналыг хүлээн аваагүй байдаг. Үүнээс хойш 2009, 2010, 2015 онуудад саналыг дахин дахин хүргүүлсэний эцэст Барак Обамагийн шийдвэрээр 2016 оны 12 дугаар сард хүчингүй болгосон нь түүний засаг захиргааны зүгээс БНКУ-тай харилцаагаа хэвийн болгоход хийсэн томоохон шийдвэрийн нэг гэж ажиглагчид үзэж байна.

 ГАВАНА ХОТ, 2017.05.15.